“Бурж Халифа”-гаас хоёр дахин өндөр цамхаг барина

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

“Бурж Халифа”-гаас хоёр дахин өндөр цамхаг барина

Арабын нэгдсэн Эмиратын Дубай дахь “Бурж Халифа” цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга гэсэн сүрдэм статусаа удахгүй алдах нь. Учир нь Саудын Арабын Жидда хотод “Бурж Халифа”-гаас даруй хоёр дахин өндөр, тодруулбал, нэг миль буюу 1600 метр өндөртэй цамхаг сүндэрлүүлэхээр болжээ. “Kingdom Tower” хэмээн нэрлээд буй энэ гайхалтай бүтээн байгуулалтын барилгын ажил эхлэл шатандаа явж байгаа бөгөөд 26,6 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Саудын Арабын хамгийн том компани болох “Kingdom Holding Company”-ийн мэдэлд байх “Kingdom Tower”-ын зураг төслийг “Бурж Халифа” цамхгийн төсөл дээр ажиллаж байсан Адрьен Смитийн компани гүйцэтгэжээ. Хурлын танхим, худалдаа, үйлчилгээний төвүүд, таван одтой зочид буудал, оффис, тансаг зэрэглэлийн ресторан, зоогийн газар, орон сууц гээд бүгдийг цогцлоосон уг цамхаг нийт 3,5 сая кв.метр талбайтай байна. Тооцоо ёсоор 80-аад мянган хүний “гэр” болох гэнэ.

Нэг сонирхолтой зүйл нь, дундаж хурдтай цахилгаан шат минутад 150 метрийн хурдтай өгсч, буудаг гэж бодвол “Kingdom Tower”-ын ёроолоос орой хүртэл цахилгаан шатаар явахад 12 минут зарцуулах болж байна. Харин өндөр хурдтай цахилгаан шат /Taipei 101 болон Бурж Халифад байдаг шиг/ минутад 500 метр “хорооно” гэвэл энэ хугацаа нэлээд багасч, таван минут орчим зарцуулна гэсэн үг.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж