Б.Бадраа: Өмнөговийн иргэд давуу эрхтэй байх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Б.Бадраа: Өмнөговийн иргэд давуу эрхтэй байх ёстой

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраатай ярилцлаа.

-Тавантолгойн нүүрсийг тун удахгүй экспортлохоор зэхэж байна. Харин дэд бүтэц барьж, байгуулах ажил Өмнөговь аймагт хэр өрнөж байгаа вэ?

-Өмнөговь аймагт байдаг хоёр “толгой” нутгийн ир­гэдийг төдийгүй нийт монголчуудыг тэжээх гол эх үүсвэр болж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд хуваариллаа. Энэ бүхнийг дэмжиж байгаа. Монголын нийгэмд нийтлэг үзэгдэл болсон  баян, хоосны ялгаа удахгүй арилах байх. Уул уурхайн баялаг улс орон, аймаг, орон нутаг төдийгүй иргэдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд гол­лох үүрэг гүйцэтгэж байна. Баялгийг ашиглах хэрэгтэй. Гагцхүү үүний хажуугаар тухайн газрынхаа байгаль орчин, дэд бүтэц, иргэдийн амь­жиргаанд анхаарлаа хан­дуулах ёстой. Манай аймагт хүнд даацын машин тогтмол явдаг замууд эвдэрч, явахын эцэсгүй болсон нь хамгийн том хүндрэл үүсгэж байгаа.  Тавантолгойгоос Га­шуун­су­хай­тын боомт чиг­лэлийн 247 километр зам тэр хүртэлх эвдэрчихсэн. Гэтэл түүгээр хүнд даацын машинууд өдөр, шө­нөгүй давхиж л байдаг. Замын ойр орчимд амьдардаг иргэд шороо, тоосонд дарагдаад улаан шороон дунд оволзоод л байдаг. Гэтэл энэ замыг засах, шинээр барих талаар тодорхой шийдвэр алга. Тиймээс бид мэргэжлийн байгууллагуудад хандсан.

Гэсэн ч дорвитой үр дүн гарахгүй байна. Орон нутаг хэцүүдлээ шүү дээ. Манай аймагт Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ажилладаг. Гэсэн ч Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж эхэлсэн цагаас хойш ганц ч тоосго хөдөлгөөгүй. Тэр ч бүү хэл барьж байсан барилгын ажлыг хүртэл зогсоосон.

-Аймгийн төсвийн хөрөнгөөр зам засварын ажлыг хийх боломж­той юу?

-Төсвөө өөрсдөө бүрдүүлдэг ганц аймаг нь Өмнөговь гэдгийг бүгд мэ­дэх байх. Тус аймаг жилд 62 тэр­бум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ жилээс 52 тэрбум төгрөг болгож бууруулахаар бол­сон. Улсын төсвийн орлогыг бүр­дүү­лэхийн хажуугаар замаа сайж­руулах, иргэдийн амьжиргааг дээш­­лүүлэх ажлыг дангаараа хариу­цаж байна. Аймгийн төсөв энэ бү­хэнд төдийлөн хүрэлцэхгүй. Төр зас­гийн удирдлагууд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ хэмээн ярьдаг. Гэсэн ч орон нутагт эрх мэдэл тө­дийлөн алга.

-Та сая  орон нутгийн эрх мэд­лийн тухай ярилаа. Яг ямар эрх мэдэл вэ. Төсвөө дангаараа зарцуу­лах эрх мэдэл гэж үү?

-Төр засгийн удирдлагууд аймгаас авч буй татвар, татаасын хэмжээг ба­гасгавал Өмнөговь аймаг хөгжих бо­ломжтой. Бас 1-2 жил татвараас чөлөөлж болно. Хоёр жил улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүйгээр 100 тэр­бум төг­рөгөөр  зөвхөн аймаг­­таа хөрөнгө оруулалт хий­вэл нэлээд их ажил хийнэ. Түү­нээс биш тө­сөв, хөрөнгөө дан­гаа­раа зарцуулдаг эрх мэдлийг хүсч байна гэж ойлгож болохгүй. Хуульд зохих журмынх нь дагуу өөрчлөлт оруулаад энэ бүх­­нийг шийдэх бо­ломж бий юү гэдэг асуудал л бай­гаа юм.

-Өмнөговь аймагт га­даад, до­тоо­­дын хөрөнгө оруу­­лалттай том, жи­­­жиг олон компа­ни уул уурхайн чиг­­лэлээр ажил­ладаг. Тэдгээр ком­­пани нутгийн хөгжилд хэр дэмж­­лэг үзүүлдэг юм бэ?

-Тодорхой хэмжээний хөрөнгө оруу­лалт хийдэг. Ерөнхийдөө “гал унтраах” төдийхөн гэх үү дээ. Өөрсдөө бол орон нутаг, иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлсэн гэдэг юм. Тэр нь гэр, малын тэжээл, өвс, сургалтын төл­бөр төдийхнөөр хязгаарлагддаг. Гадаадын компаниуд юу ч өгдөггүй. Бид “Аймагт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгээч” гэж хүсэлт тавьдаг. Хэд, хэдэн компани нийлээд нэг сумыг гэрлийн шу­гамтай болгоод өгч болно шүү дээ. Гэхдээ огт зүгээр байсангүй ээ. “Саусгоби сэндс” компани Овоот­толгойн уурхайгаас Шивээхүрэн, Цэхээ боомт хүртэл экспортын нүүрс тээвэрлэх зориулалттай ха­туу хучилттай зам барих гэрээг бай­гуулсан. Бас “Энержи ресурс” компани зам барьж байгаа.

-Гашуунсухайт, Шивээхүрэн­гийн боомтыг 24 цаг ажиллуулах шийдвэр гарсан. Энэ боом­туудын ачаалал багассан болов уу?

-Эдгээр хилийн боомтыг 24 ца­гийн үйл ажиллагаатай болгох шийд­вэр гаргасан нь үнэн. Харин одоо боомтууд энэ шийдвэрийг гар­гахаас өмнөх үеийнх шигээ өглөө 08.00 цагийн үед нээгдэж, орой хаал­гаа барьдаг хэвээрээ байгаа. Учир нь тэнд 24 цагаар ажиллах ямар ч боломж байхгүй. Дөрвөн зам­тай болгоно гэсэн ч ерөнхий тө­лөв­лөгөөтэй холбоотойгоор хэзээ барьж эхлэх нь тодорхойгүй. Боомт дээр нүүрс тээвэрлэсэн ачаа­ны машинууд бөөгнөрөөд зогсч бай­даг тэр л хэвээрээ байгаа.

-Энэ онд Өмнөговь аймгийн 80 жи­лийн ой тохионо. Энэ хү­рээнд ямар, ямар ажил зохион бай­гуулахаар төлөвлөсөн бэ?

-Аймгийн 80 жилийн ойг ирэх дол­ду­гаар сарын 22-23-нд хийхээр бол­­сон. Харин энэ сарын 27-29-нд Өм­нөговь аймгийн соё­лын өдрүүдийг нийслэлд зохион бай­гуулах юм. Энэ үеэр урлагийн тог­лолт, үзэсгэлэн, худалдаа, музейн үз­мэр, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ нийтэд танилцуулна. Хамгийн гол нь бид Өмнөговийн амьдрал өмнө нь ямар байсан, одоо хэр­хэн хөгжиж байгааг танил­цуулахыг зорьж байгаа юм.

-Өмнөговийн хөгжил гэснээс нут­гийн иргэдийн амьжиргааны түв­шин хэр дээшилсэн бэ?

-Иргэдийн амьжиргааний түв­шин ерөнхийдөө сайжирсан. Айм­гийн удирдлагуудын зүгээс өмнө­говьчуудыг ажлын байраар хангах, орон сууц, бизнесийн хөнгөлөлттэй зээлд хамруулах арга хэмжээг авч бай­гаа. Түүнчлэн олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдахад нь ч зуучилж байна. Аймагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Гурван мега­ваттын цахилгаан станц, урлаг, спор­тын цогцолбор, багш, эмч нарын орон сууц барьж эхэлсэн. Дэд бүт­цийн зарим ажил удаашралтай байгаа юм.

-Аймгийн удирдлагууд өнгөр­сөн онд иргэддээ “Нутгийн хишиг” тараасан нь чамгүй хэл ам да­гуулсан. Энэ асуудал юу болов?

-Бид нэлээд шүүмжлүүлсэн. Ард­­чил­сан намаас орон нутагт нэр дэвш­сэн хүмүүс ярилцаад жижиг Тавантолгойгоос орж ирэх ашгаас нутгийн иргэддээ 500 мянган төгрөг хүртээнэ гэж мө­рийн хөтөлбөртөө тусгасан юм. Нийт таван тэрбум төгрөг тараасан. Энэ нь тухайн үед иргэдийн амьжиргаанд их нэмэр болсон. Гэхдээ Өмнө­говийн иргэд бэлэн мөнгөнөөс тат­галзах тийшээ хандаж байна. Тий­мээс уг мөнгөний үлдсэн хэс­­гийг ямар хэлбэрээр олгох вэ гэд­гийг хэлэлцэж байгаа. Зам ба­рих, иргэдийн амьдрах орчныг сайж­руулахад зарцуулж болох юм гэж үзсэн. Хүмүүс нэг хэсэг “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төр­сөн нь дээр” гэж говийн иргэдийг до­ромжилдог байлаа. Гэтэл одоо байдал эсрэгээрээ болсон. Хаа байсан хангайн хүн Өмнөговийн баялагт санаа тавьдаг болчихож. Монгол Ул­сын нийт иргэд Тавантолгой нүүрсний ордын хувьцааг эзэмших боллоо. Гэтэл нутгийн иргэд улаан шо­роотой хутгалдаж, эрүүл мэн­дээрээ хохирч байгаа шүү дээ.  Өм­нөговьчууд давуу эрхтэй байх ёстой. Энэ давуу эрхийг “Нутгийн хишиг”-ээр олгохыг зорьсон юм. Ма­най улсын нийт иргэд “Эрдэнэс Та­вантолгой” ХК-аас хувь хүртэг. Харин өмнөговьчууд давуу эрхтэй байх ёстой.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж