
Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ нэгэн үе Дайшёочи нэрээр барилдаж байсан У.Бямбажав өдгөө дэлхий нийтийн дунд хөгжиж буй сонихогчдын сумод Монголынхоо нэрийг өндөрт өргөж явна. Сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд Германы нийслэл Берлин хотноо болсон “Берлин Башё” тэмцээнд зодоглож, +115 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн байна. Тус жинд ОХУ, Герман, Голланд, Норвег гээд дэлхийн найман орны 16 сумоч зодоглосноос У.Бямбажав найм дараалан ялж, аваргын алтан медаль хүртсэн байна. Тэрбээр “Берлин Башё” тэмцээний өмнө мөн Италийн Милан хотноо болсон сонирхогчдын сумогийн “Милано Опен” тэмцээнд зодоглож, хос алтан медаль зүүжээ. Сүүлийн гурван жинд болсон дэлхийн аваргаас медаль зүүсэн Герман, АНУ, Франц, ОХУ гээд 12 орны сумочид өрсөлдсөн тус тэмцээнд У.Бямбажав +155 кг болон үнэмлэхүй жинд хүч үзэж, бүх барилдаандаа ялснаар аваргалсан байна.
Дашрамд сонирхуулахад, У.Бямбажав өдгөө АНУ-д ажиллаж, амьдардаг, өөрөө сонирхогчдын сумогоор хичээллэхээс гадна Монголын тамирчдыг тив, дэлхийн тэмцээнд оролцож, амжилт гаргахад нь гүүр болж өгдөгт нь олон хүн талархаж явдаг юм билээ. Тэрбээр Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварцнеггерийн зохион байгуулсан сумогийн тэмцээнд гурван удаа түрүүлж, Шварцнеггерийн хүлээн авалтад уригдаж явсан, Калифорни мужийн Карсон хотын “Хүндэт иргэн”, Лос-Анжелес хотын “Найрамдал” медалийн эзэн гээд бидний мэдэхгүй түүх ихтэй.
Бас тэр Холливудын алдарт найруулагчийн бүтээсэн “Ocean’s thirteen” кинонд дүр бүтээж байсан азтай залуу. Жорж Клуни, Аль Пачино зэрэг Холливудын супер оддын тоглосон энэ кинонд У.Бямбажав ёкозуна Акэбоно, Мусашимару нарын мэргэжлийн сумо бөхийн алдартнуудтай хамт оролцон тоглосон байдаг.
С.Цэлмэг