Уул уурхайн хувьцааны ханш тогтмол өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Уул уурхайн хувьцааны ханш тогтмол өсчээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооныхон мэдээлэл хийсэн юм. Түүнд дурдсанаар сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан үнэт цаасны тоо огцом өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, 2010  оны арванхоёрдугаар сарын 31-ний  мэдээгээр Монголын хөрөнгийн бирж дээр нийт 253 удаагийн арилжаа явагдаж, 136 компанийн  64 тэрбум 500 сая ширхэг хувьцааг арилжаалжээ. Мөн Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан нийт хувьцаат компаниудын үнэт цааснаас 101 ХК-ийн үнэт цаасны ханш өсч, 22 ХК-ийн үнэт цаас буурч, 13 ХК-ийн үнэт цаас харьцангуй тогтмол байсан аж. Зах зээлийн үнэлгээ өмнөх оны эцэст 620.7 тэрбум төгрөг байсан бол 2010 оны эцэст нэг их наяд 373.9 сая төгрөгт хүрч, өмнөх оноос даруй хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. 2010 оны дунд үеэс эхлэн үнэт цаасны арилжааны идэвхи сайжирч, нийт зах зээлийн хэмжээнд хувьцааны ханш аажмаар өсч, ялангуяа уул уурхайн салбарын компаниудын хувьцааны ханш огцом өссөнтэй холбоотойгоор нийт системийн байгууллагын ашигт ажиллагааны түвшин нэмэгдсэн байна. Мэргэжлийн байгууллагын нийт орлогын 84.2 хувийг Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Эм Си Эс, Глобаль Ассет, Евроазиа капитал, Би Ди Сек, Фронтиер, Азиа Пасифик секьюритиес зэрэг компаниуд бүрдүүлжээ. Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй нийт 336 хувьцаат компаниас 16 компани 30.85 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ногдол ашгийг тараасан бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад тараасан ногдол ашгийн үнийн дүн хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарсан юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж