Тюрам Палестинд зочилжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Тюрам Палестинд зочилжээ

Францын хөлбөмбөгийн алдарт тоглогч Лилиан Тюрам Палестины дүрвэгчдийн лагерт зочилжээ. Тэрбээр Каландиад нутгийн залуустай хамт хөлбөмбөг тоглосон бөгөөд тэд 39 настай зодог тайлсан тоглогчоос Аваргуудын лигт аль баг түрүүлэх талаар асуухад “Миний шидэт бөмбөг мэдэхгүй байна” хэмээн хошигносон гэнэ. Энэхүү арга хэмжээг Францын Засгийн газар болон боловсролын төслийнхөн, НҮБ-ын төслийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан байна.

Өдөрлөгийн хүрээнд Тюрам тус лагерын залуустай хамт хөлбөмбөг тоглон дуулж, бүжиглэн хагас өдрийг өнгөрүүлжээ. Хүнд байдалд аж төрж байгаа залууст сэтгэлийн дэм өгөх гэж ирсэн Тюрам “Газын зурвас, Парис, Лондон зэрэг хаана ч тоглож байгаа тоглогчдыг дэмжих хэрэгтэй. Бидний дэмжлэг тэдэнд зориг нэмдэг” хэмээсэн байна.

Тюрам Европын “Монако”, “Парма”, “Ювентус”, “Барселона” зэрэг багт өндөр амжилт гарган арвин туршлага хуримтлуулж байсан тоглогч. Тэрбээр улсынхаа нэрийн өмнөөс 16 жил тоглохдоо 142 тоглолтод оролцсон нэгэн билээ. 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд байсан Тюрам шигшээ багтаа хоёрхон гоол оруулж байсан. Ингэхдээ хоёуланг нь 1998 оны дэлхийн аваргын хагас шигшээд Хорватын эсрэг  тоглож байхдаа оруулж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж