“Челси” Европын топ өрсөлдөөнөөс хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

“Челси” Европын топ өрсөлдөөнөөс хасагдлаа

-Талбайд 10-уулаа үлдсэн “Цэнхрүүд”-д Дидье Дрогба итгэл найдвар авчирсан ч ердөө 30-хан секундын дотор тэдний
найдварын гал бөхсөн юм-

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд эхэллээ. Энэ шатны хамгийн сонирхолтой учраа болох Английн топ хоёр багийн тулаан Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэхэд өрнөж, талбайн эздийн ялалтаар өндөрлөв. Аваргуудын лигийн цом өргөж, ОХУ-ын тэрбумтан Роман Абрамовичийн туйлын хүслийг биелүүлэхийн тулд Лондонгийн “Челси” энэ тулаанд зайлшгүй ялах ёстой байсан. Хэрэв “Цэнхрүүд” даваагаа амжилттай давсан бол энэ улиралд өөр ямар ч багийн гаргаагүй амжилтын эзэд болох байлаа. Тэр нь “Манчестер Юнайтед”-ыг “Олд Траффорд” цэнгэлдэхэд нь буулган авах. Харамсалтай нь “Лондонгийн угсаатнууд” уулын оргил булаалдах тэмцэлд дахин “Улаан чөтгөрүүд”-д дийлдэв.

Туршлагатай тоглогч Дидье Дрогбаг сэлгээний суудалд үлдээж, 50 сая фунтээр “Ливерпуль”-иэс авчирсан Испанийн “Алтан жаал” Фернандо Торресыг гараанд гаргасан Карло Анчелоттигийн шийдвэр буруудсан. Хэдийнээс алдартай “Мөрөөдлийн театр”-таа “МанЮ” 2:1 харьцаатай хожсоноор хоёр тоглолтын нийлбэрээр 3:1 харьцаагаар нутгийн өрсөлдөгчөө буулган авч, Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа. Тэд дараагийн шатанд “Шальке 04” болон “Интер Милан” багийн хожсонтой нь тоглоно.

“Стэмфорд Бриж”-д ирээд хоёр сар гаруй хугацаа үдсэн ч хараахан гоолдож амжаагүй яваа Торресыг энэ удаад ч азын тэнгэр ивээсэнгүй. Тоглолтын 43 дахь минут буюу эхний хагас өндөрлөхийн өмнөхөн “Чичарито” хочит Мексик довтлогч Хавьер Эрнандез гоолын салхийг хагалсан. Талбайдаа хийсэн эхний тоглолтод 1:0-ээр хожигдсон учир “Цэнхрүүд”-д наанадаж хоёр гоол хэрэгтэй болов. Хоёрдугаар хагас эхлэхэд Торресын оронд Зааны ясан эрэгийн довтлогч Дидье Дрогба талбайд гарч ирсэн. Анчелоттигийн шийдвэр буруу байсныг батлах мэт тэрбээр тоглолтын 77 дахь минутад гоолдож, талбайд 10-уулаа үлдсэн багтаа итгэл найдвар авчирсан. “Челси”-гийн хагас хамгаалагч Рамирес гоолын өмнөхөн Нани дээр алдаа гаргаснаар талбайн шүүгчээс улаан жавтий хүртэж, талбайг чөлөөлөөд байсан юм. Харамсалтай нь, “Цэнхрүүд”-ийн найдварын гал ердөө хэдхэн секундын дотор бөхөж, БНСУ-ын довтлогч Пак Чи-Сон тооны харцьааг 2:1 болгожээ.

“Олд Траффорд” цэнгэлдэхийн тоглолтын эцсийн шүгэл дуугарч, “Улаан чөтгөрүүд” аяллаа цаашид үргэжлүүлэхээр болов. Одоо тэд хагас шигшээ тоглолт хүртэл Премьер лиг болон Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд анхаарлаа хандуулна. Лигийг тэргүүлж буй тэд бямба гаригт FA Cup-ын хагас шигшээд нэг хотын өрсөлдөгч “Манчестер Сити”-тэй “Уэмбли” цэнгэлдэхэд халз тулна. “Улаан чөтгөрүүд” ийнхүү 1999 онд гурван цом хүртэж байсан агуу амжилтаа давтахад нэг алхам ойртлоо.

Мөн энэ үеэр Донецк хотын “Донбасс Арена” цэнгэлдэхэд Украйны аварга “Шахтёр Донецк” болон Испанийн “Барселона” багийн хариу тоглолт болж, 1:0 харьцаатай зочин багийн ялалтаар өндөрлөжээ. Тоглолтын цорын ганц гоолыг 43 дахь минутад Лионель Месси оруулсан байна. Ингэснээр “Барса” хоёр тоглолтын нийлбэрээр 6:1 харьцаатай ялалт байгуулж, Аваргуудын лигийн хагас шигшээд “Реал Мадрид” болон “Тоттенхэм”-ийн ялсантай нь тоглох болж байна.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж