
Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг
гарган, зарим хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасны
дунд спортын салбарынхан багтлаа. Өнөөдөр Монголын спортын их гэр бүлээс
гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин тус бүр нэг төрсөн нь боксын шигшээ
багийн дасгалжуулагч Д.Ганзориг, ахмад цаначин Б.Зундуй нар байсан юм. Гавьяат
дасгалжуулагч Д.Ганзориг, гавьяат тамирчин Б.Зундуй нар Ерөнхийлөгчөөс төрийн
одон тэмдгээ гардсаныхаа дараа Спортын төв ордондоо ирж, хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараа хоёр гавьяатыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын дарга
Ч.Наранбаатар болон тус газрын хамт олон хүлээн авч уулзан, баяр хүргэв.
Боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Ганзориг олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн
аварга П.Сэрдамба, ОУХМ З.Энхзориг нарын Монголын шилдэг боксчдын гарыг
ганзганд хүргэсэн гавьяатай эрхэм. Тийм ч учраас төрийн одон хүртэж, хөдөлмөр
зүтгэлээ үнэлүүлсэн багшийгаа Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нарын унаган шавь нар
нь хүндэтгэн угтаж, БТСГ-т болсон уулзалтад хамт хүрэлцэн ирсэн юм.
Ямартай ч өнөөдөр салбараасаа хоёр гавьяат төрүүлсэн
спортынхон хөл хөөр болж, Спортын төв ордон боксынхон болоод цаначдын хөлд дарагдаад
байна.
С.Цэлмэг.