”Алтан хальс” бэлгээ задална

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

”Алтан хальс” бэлгээ задална

Сонгодог болон арт хаус кино сонирхогчдын "CinemAurum" буюу "Алтан хальс" холбоо дэлгэцийн ахисан төвшний бүтээлүүдийг олонд таниулан сурталчилж, Монгол хадмал орчуулгатай гаргадгаараа кино сонирхогчдын дунд танил болоод жил өнгөрчээ.

Тус холбооныхон бямба гариг бүрийн 15.00 цагт “Занаду” арт галерейд "Dreamers" Day" кино өдөрлөгийг зохион дэлхийн cop болсон сонгодог киноноос эхлээд содон, шинэ, ховор бүтээл хүртэлх арт хаус ангиллын киног нийтэд үнэ төлбөргүй хүргэдэг юм.

Энэ бямба гаригт Азийн кино урлагийн нэгэн оргил Энэтхэгийн нэрт найруулагч Сатьяжит Раийн “Apur Sansar” буюу “Апугийн ертөнц” киног толилуулахаар зэхжээ.

1959 онд анх үзэгчдийн хүртээл болсон уг бүтээл найруулагчийн алдарт “Апугийн гурвал”-ын сүүлийн анги билээ.  Эл кино дэлгэцэд гарсан даруйдаа Энэтхэгийн кино фестивалиас “Алтан медаль” хүртсэн бол дараа жил нь Лондонгийн кино фестивалиас “Шилдэг кино”,  Эдинбургийн олон улсын кино наадмаас “Sutherland-ын нэрэмжит оны шилдэг уран зөгнөлт кино”-ны шагнал болон Британийн кино Аккадемиас “Гадаадын шилдэг кино” номинацийн эзэн болж байжээ.
“Алтан хальс”-ын залуус уг гурвалын эхний анги “Бяцхан харгуйн дуун”-ыг хоёр сарын өмнө үзэгчдэдээ толилуулсан юм.

“Апугийн ертөнц”-д эрийн цээнд хүрсэн Апу санаандгүйгээр эхнэртэй болно. Үзэсгэлэнтэй, ухаалаг Апарна Апугийн амьдралд гэрэл гэгээ болоод зогсохгүй бичих онгодыг нь хөглөж өгдөг. Гэвч энэтхэг ёсоор хөл хүнд эхнэрээ төрсөн гэрт нь буцаачхаад хэдэн сарын дараа Апу цочирдмоор мэдээ дуулна. Санаа алдах, гашуудахын “ур”-ыг С.Раийн энэхүү уянгалаг драмаас мэдрээрэй.

Дашрамд сонирхуулахад энэ удаагийн өдөрлөгөөр “Алтан хальс”-ынхан кино сонирхогчдодоо  бас нэгэн сюрпризээ дэлгэх гэнэ.  Тэд www.artfilm.mn сайтын нээлтээ хийх ажээ. Уг сайт Монгол хэл дээр гарч буй дэлхийн киноны анхны нэгдсэн сан, цахим нэвтэрхий толь бөгөөд энэ сарын сүүлээс цогцоороо ажиллаж эхлэх юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж