
Шотландын алдарт “Рейнжерс” клубын домогт тоглогч Уилли Хендерсон Баруун Шотландын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хамт Монголын говь нутгаар 160 км-ийн маршруттай аялал зохион байгуулах болжээ. Түүний санаачилсан уг аялал нь Шотландын Клайдбанкт төвтэй Дейви Купер төв болон Motor Neurone Disease санд хандив цуглуулах зорилготой ажээ. Тэрбээр Шотландын “Рейнжерс”, “Селтик” болон “Модеруэлл” багийн төлөөлөл болсон 20 хөгжөөн дэмжигчийн хамт энэ оны есдүгээр сарын 3-нд Монголыг зорих юм байна. Тэдний төлөвлөгөө ёсоор улсынх нь шигшээ баг “Хампден парк” цэнгэлдэхэд Чехийн шигшээтэй хийх тоглолтын завсарлагаанаар тэд аяллаа эхлүүлэх гэнэ. Тэд Шотландын нийслэл Глазго хотоос гарч, ОХУ-аар дамжин Монголын нийслэл Улаанбаатарт ирнэ. Энэ үеэр тэд Монголын “Мазаалай” багтай хандивын нөхөрсөг тоглолт хийх ажээ. Ингээд “Рейнжерс”-ийн домог Уиллигээр удирдуулсан багийнхан говийг зорихоор төлөвлөөд буй гэнэ. Аяллын явцад тэд өөрсдийгөө “Gobi United” хөлбөмбөгийн баг хэмээн нэрлэх бөгөөд нүүдэлчин монголчуудын адил гэрт хонож, нутгийн хоол зооглох гэнэ.
С.Цэлмэг