Хөдөлмөрийн баатар төрлөө

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн баатар төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган, зарим хүмүүсийг цол, одон, медалиар шагнав.

  • Улс эх орныхоо, хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Гомбожавын Очирбатад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн, Сүхбаатарын одон, алтан соёмбо тэмдгээр шагналаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль эрх зүй болон спортын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын гавьяат  цол хүртээв.  

  • Монгол Улсын гавьяат багш цолоор нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Цэвэгсүрэнгийн Гүррагчаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Лүмбэнгийн Лүгээбаатар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш Мунтагийн Сүхбаатар нарыг,
  • Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзоригийг,
  • Монгол Улсын гавьяат хуульч цолоор Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, ахмад хуульч Зундуйн Сааралыг,
  • Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, ахмад тамирчин Банзрагчийн Зундуйг,
  • Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Цэргийн дуу, бүжгийн чуулгын дарга Чойжилжавын Гансүх, “Эртний сайхан” чуулгын туульч Дандарын Өлзий нарыг,
  • Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Айзам” хамтлагийн ахлагч Ишжамцын Болоож, “Арвангуравдугаар зуун” төвийн гүйцэтгэх захирал Дамдингийн Жамъяан, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын концертмейстр, багш Дүгэржавын Нарангэрэл нарыг тус тус шагнав.

Мөн улс төр, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, хууль эрх зүйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын одон, медалиар шагнасан юм.

Монгол ардын намын зөвлөх, доктор Бүдрагчаагийн Даш-Ёндон, Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Жамбын Түмэнжаргал нарыг Сүхбаатарын одонгоор, нийслэлийн Монгол ардын намын хорооны тэргүүлэгч Дугаржавын Баасансүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны ахлах мэргэжилтэн Намсрайжавын Батсэлэнгэ нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Даваасүрэнгийн Энхжаргал, Улсын клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн эмч Лхамжавын Хандсүрэн нарыг Алтан гадас одонгоор, Онцгой байдлын албаны аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагч, дээд түрүүч Жамсрангийн Баяртогтохыг Цэргийн гавьяаны одонгоор, Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Буриадын Нарангэрэл, “Соёмбо принтинг” ХХК-ийн үйлдвэрийн мастер Батсуурийн Даариймаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Онцгой байдлын албаны аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагч, дээд түрүүч Пүрэвжавын Дэлгэрсайханыг Цэргийн хүндэт медалиар, Онцгой байдлын албаны аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагч, жолооч, дээд түрүүч Лхагважавын Нямдавааг Шударга журам медалиар тус тус шагнажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр хүмүүст шагналыг нь гардуулан баяр хүргэв. Ерөнхийлөгч хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Улс орон, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээж төрийн эрхэм дээд шагнал, алдар цол, одон медаль хүртсэн та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Аливаа эрх чөлөөт нийгэм бүтээн туурвих авъяастнууд, хөдөлмөр бүтээлийн алдартнууд, бахархлаар дүүрэн байдаг. Өнөөдөр тэдгээрийг төлөөлөн манай олон иргэд хөдөлмөр гавъяагаа төрөөрөө үнэлүүлж байна. Тухайлж хэлэхэд, улс төр нийгмийн ахмад зүтгэлтэн Гомбожавын Очирбат гуайн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулсан нөр их хичээл зүтгэл, онцгой хувь нэмэр, олон жилийн гайхамшигт үлгэр дуурайллыг үнэлсэндээ баяртай байна.

Мөн үе үеийн спортынхны бахархал ахмад тамирчин, дасгалжуулагч, багш Банзрагчийн Зундуй, Монгол түмний соёлын алдарт өв үлгэр туульсыг түгээн дэлгэрүүлэгч ахмад туульч Дандарын Өлзий болон боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, спорт, төр, эрх зүй, нийгмийн салбарын олон нэр төртэй зүтгэлтнүүд өнөөдөр хөдөлмөр, гавъяагаа үнэлүүлж байгаа юм. Бас манай онцгой албаны эрэлхэг зоригтнуудын төлөөлөл ч энд байгаад талархаж байна. Төрийн дээд шагнал, алдар цол, одон медаль хүртсэн нийт иргэдийнхээ алдар гавъяа, амжилт бүтээл, эр зоригийн замналд байнга цуг байсан гэр бүл, ойр дотныхон, хамт олонд тань мөн гүн талархал илэрхийлж баяр хүргэе. Та бүхний ашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж