Ч.Ганзориг Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгч болов

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Ч.Ганзориг Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгч болов

Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, гавьяат эдийн засагч Ч.Ганзориг Азийн боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Казахстаны Алматы хотноо Азийн боксын холбооны ээлжит бус их хурал болж, холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн 13 гишүүнийг шинээр сонгосон байна. Тус хуралд Азийн боксын холбоонд гишүүнчлэлтэй 44 орноос 30 улсын төлөөлөгч оролцсон ажээ. Хурлаас Узбекистаны иргэн Гофур Рахимовыг холбооны ерөнхийлөгчөөр улирлан сонгосон бол дэд ерөнхийлөгчийн сонгуульд Монголоос гадна БНСУ, Япон болон Тайванийн төлөөлөл өрсөлдсөн байна. Ингээд Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг хамгийн олон буюу 18 санал авч, дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ. Харин Тайвань долоо, Япон гурав, БНСУ хоёр санал авсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж