Зургаан банк нэгдэж хамтын санхүүжилт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Зургаан банк нэгдэж хамтын санхүүжилт хийлээ

Монголын Хөрөнгийн бир­жийн арилжааны системийг шинэчлэхэд 14.2 сая ам.доллар шаардлагатай болсон. Гэвч энэ мөнгийг ямар эх үүсвэрээс гаргах нь тодорхойгүй байв. Мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байсан учраас улсын төсөвт тодотгол хийх замаар шийдэж ч магадгүй хэмээж байсан билээ. Гэтэл манай улсын тэргүүлэгч арилжааны банк болох Худалдаа хөгжлийн банкны санаачилгаар зургаан банк хамтын санхүүжилт хийж, 14.2 сая ам.долларыг Монголын Хөрөнгийн бирж хувьцаат компанид зээлүүлсэн юм. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээгээс энэ талаар тодрууллаа.

-Арилжааны банкууд урьд нь ийм томоохон хэмжээний зээл өгч байгаагүй. Төр батлан дааж байгаа гэдэг утгаар нь энэ зээлийг өгсөн гэж ойлгож болох уу?

-Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжих чухал үе тохиож байна. Ийм үед арилжааны банкууд санаачилгатай ажил­лах ёстой. Мэдээж энэ зээлийг Төрийн өмчийн хороо батлан дааж байгаа. Урьд нь 2-3 банк нийлээд тодорхой хэмжээний хамтын санхүүжилт хийж байсан тохиолдол бий л дээ. Гэхдээ зургаан банк нэгдэж, зээл гаргаж байгаагүй. Тиймээс энэ удаагийн хамтын санхүүжилтийн зээл анхны тохиолдол болж байна. Манай банк энэ санаачилгыг гаргасан. Ер нь цаашид ийм жишиг тогтоох шаардлагатай юм. Монгол Улсын эдийн засгийн чухал салбаруудын хөгжилд шаардлагатай байгаа зээлийг арилжааны банкууд нь хамтраад санхүүжүүлдэг байх хэрэгтэй. Энэ үүднээс бид ийм алхам хийлээ.

-Танай банк санаачилсан учраас арай илүү зээл гаргав уу?

-Тийм. Манайх дөрвөн сая 220 мянган ам.долларыг нь гаргасан. Үлдсэнийг нь ХААН банк, ХасБанк, Голомт банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк тэнцүү хуваагаад гаргаж байгаа юм. Энэ ажлыг манай банк санаачилсан учраас удирдагч банк гэсэн статусаар оролцож байгаа. Бусад нь оролцогч банк гэсэн статустай. Тиймээс манайх санхүүжилтийн зээлийн хугацаа, хүү гэх мэт асуудлаар зээлдэгч талтай яриа хэлэлцээр хийх зэрэг асуудлыг хариуцах юм.

-Зээлийн хугацаа, хүү ямар хэмжээтэй вэ?

-Хугацааг гурван жил, хүүг 6.5 хувиар тогтож, гэрээ хийсэн.

-Хөрөнгийн зах зээлд арилжааны банкуудыг оролцуулах талаар их ярьдаг ч бодит ажил хэрэг болохгүй байна. Хөрөнгийн биржид зээл өгөхдөө ийм болзол тавьсан уу?

-Тэр талаар яриагүй. Хам­гийн гол нь арилжааны бан­кууд эдийн засгийн бусад сал­барын хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллаж болдог юм гэсэн агуулгаар санхүүжилтийн зээлийг хийж байгаа юм.

Сүүлийн үед энэхүү 14.2 сая ам.долларыг зөвхөн арилжааны системийн шинэчлэлд зориулах гэж буй мэт ташаа мэдээлэл дуулдах болсон. Тэгвэл Монголын Хөрөнгийн бирж арилжааны банкуудаас зээлсэн 14.2 сая ам.долларын 12.7 саяыг нь Лондоны Хөрөнгийн биржтэй хийсэн гэрээний дагуу Английн талд шилжүүлнэ. Үлдсэн 1.5 саяар нь арилжааны хамгийн сүүлийн үеийн иж бүрэн технологи болох “MIllenium IT” системийг худалдан авах аж. Ийнхүү техник, технологийн иж бүрэн шинэчлэл хийж, шинэ менежментээр ажилласнаар гурван жилийн дотор хангалттай ашиг олж, зээлээ төлөх тооцоо хийжээ. Хэдийгээр энэ удаа хөрөнгийн зах зээлд арилжааны банкууд оролцох боломжийн талаар яриагүй хэмээж байгаа ч цаашид хөрөнгийн бирж банкуудтай идэвхтэй хамтран ажиллах нь тодорхой болж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хамтын санхүүжилтийн зээ­лийн гэрээг үзэглэх үеэр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай нар “Арилжааны банкууд Монголын Хөрөнгийн биржийг дэлхийн томоохон биржүүдтэй эн зэрэгцэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Тун удахгүй хөрөнгийн бирж эргээд банкууддаа нэмэр болох цаг ирнэ” хэмээн ярьж байв.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж