Манайд цөмийн хаягдал хаяж болох ч юм шиг ээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Манайд цөмийн хаягдал хаяж болох ч юм шиг ээ

Манайд
цөмийн хаягдал хаяж болохгүй гээд байх хэрэг байна уу. Тэртэй тэргүй
нийслэлд нь эрүүл хөрс үлдээгүй гэдгийг мэргэжлийн байцаагч нар
баталчихсан шүү дээ. Эрүүл хөрс үлдэхгүй байхаас өөр арга ч үгүй биз.
Барилгын, эмнэлгийн, ахуйн хаягдлын хог хаа сайгүй л хөглөрч байгаа юм
чинь. “Дарин дээр давс” гэгчээр гэр хорооллын бохирдол, хур хог үүнд
ихээхэн нэмэр болж байгаа. Гэхдээ ийм орчноо бид өвлийн улиралд түр ч
атугай мартдаг.

Утаа ярьсаар байгаад өвлийг барна. Харин хавар дахиад л ярьж эхэлнэ.
Өвлийн улиралд зогсонги байдалд ордог барилгын ажил хавар идэвхжиж, 
хо­тын төвд шинэ барилгууд сүндэрлэж эхэлдэг. Ба­рилгын компаниудаараа ч
бахархмаар шүү. Энэ их ажлын хажуугаар шөнө бас ажилладаг гэж  байгаа.
Барилгаас гарсан хогийг хотын төвөөс зайлуулах гэж унтах нойроо хасч,
зуслан, гэр хорооллыг “онилно”. Үүнийг юугаар гэрчлэх вэ гэж үү. Нэг
өглөө сэрээд харахад л эргэн тойронд барилгын хог хөглөрч байдгаар
гэрчилнэ. Энэ жишээ юу ч биш. Хотын төвөөр урсдаг Сэлбэ голын эрэг дээр
барилгын хог асгаж байсан тохиолдол ч бий. Одоо энэ ажил ид өрнөж байгаа
учир өвөлжин хорт утаанд хордсон нийслэлчүүд хогоор амьсгалах л үлдэх
шив. Гэхдээ барилгын компаниудыг бу­руутгах ар­гагүй юм. Ойр орчмынхоо
газарт айлууд хогоо хаяад байгаа болохоор л тэд ч гэсэн хог асгаж байгаа
биз. Анхнаасаа л орчиноо цэвэр байлгасан бол ийм асуудал гаргахгүй л
байхсан. Монгол цөмийн хаягдлын “хогийн сав” болох нь гэсэн мэдээлэл
ойрын хэдэн өдөр “тэнүүчиллээ”. Тэгсэн чинь Улаанбаатарын утаа цө­мийн
хаягдлаас хэд дахин илүү хортой гэсэн судалгаа хийчихсэн байгаа юм.
Нийслэлд эрүүл хөрс үлдээгүй нь багадаад, хөдөө байгаа эрүүл хөрс илүү
харагдаад байгаа юм байх. Монголд цөмийн хаягдал хаяхгүй гэдгийг Цөмийн
энергийн газраас хариуцлагатайгаар мэдэгдсэн л дээ. Гэхдээ л хаяж болох
юм гэсэн судалгааг зарим нэг газар дээрх маягаар хийгээд эхэлчихсэн
бололтой шүү. Үүнийг ч бас буруутгах арга алга. Анхнаасаа л монголчууд
хогон дунд амьдраагүй байсан бол цөмийн хаягдлын “хогийн сав” болно
гэсэн мэдээлэл гарахгүй байсан биз дээ

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж