Спрайт лигийн Бүх оддын тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Спрайт лигийн Бүх оддын тоглолт боллоо

“TLG13” ТББ  болон  “MCS  Кока кола” компани хамтран тав дахь жилдээ зохион байгуулж байгаа  Спрайт супер лигийн Бүх оддын тоглолт өнгөрөгч бямба гаригт Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд боллоо.

Бүх оддын тоглолтын эхний тэмцээнд  Спрайт супер лигийн багийн эзэд, М-Си-Эс Группын захирлуудын багтай өрсөлдсөн. Тус тэмцээнд М-Си-Эс Группын захирлуудын баг өрсөлдөгчөө 35:17 харьцаагаар илт давуу хожиж, ялалт байгууллаа. Дашрамд дурдахад, М-Си-Эс Группын захирлуудын багт лигийн зургаан удаагийн аварга, хоёр удаагийн тэргүүн тоглогч, ОУХМ Т.Түвшинбаяр  тоглож,  багаа ялалтад хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

Дараагийн тэмцээн “Орчлон Li-Ning” багийн нэрэмжит Two Ball-ын тэмцээн  байлаа. Нийт дөрвөн баг өрсөлдсөнөөс  ХХБ-ны багийн Б.Хүлэг, Э.Чимэддолгор нар эхний шатанд хамгийн өндөр оноо буюу  44 оноо авч, дараагийн шатанд Хаан банкны багтай өрсөлдөн 31 оноо авснаар Two ball тэмцээний аваргаар тодорлоо.   
Бүх оддын тоглолтын хамгийн сонирхолтой тэмцээнүүдийн нэг болох гурван онооны шидэлтийн тэмцээнд энэ жил найман шилдэг тоглогч оролцсоноос эхний шатанд хамгийн их оноог “Дочигранд” багийн  н.Лигдэн авсан. Тэрыээр 16 оноо авч,  эцсийн шатанд шалгарсан бол  энэ жил аваргаа хамгаалж буй н.Төмөр (Bridge TLG13)  болон  н.Эрдэнэбаяр (ОТИС),   н.Ням-Одсэр (Bridge TLG13) нар тус бүр  12 оноо авч, эцсийн шалгаруултад үлдсэн. Эцсийн шатанд  н.Эрдэнэбаяр  (ОТИС)  15 оноо авч шилдгээр шалгарчээ.

Харин  багийн тэмцээнд  нийт таван баг оролцсоноос “Эрдэнэдрийлинг RIGS” болон “Танан Хар хорин Чацарганууд” багууд дараагийн шатанд шалгарсан.   Эцсийн шалгаруултад “Эрдэнэдрийлинг RIGS” баг даалгавраа нэг минут, 11 секундэд  амжилттай гүйцэтгэж , өрсөлдөгчөө буулган авлаа. “Эрдэнэдрийлинг RIGS” багийн бүрэлдэхүүнд  тус компанийн захирал Б.Шихтулга, багийн тоглогчид болох Б.Тэнгис, Н.Бат-Ирээдүй нар хамгийн богино хугацаанд шидэлтүүдээ гүйцэтгэж,  багийн тэмцээний аваргаар анх удаа  шалгарсан байна.

Бүх оддын тоглолтын  “Cass SBL” ХХК-ийн нэрэмжит “Хаандах” тэмцээнд  нийт 20 тоглогч оролцсоноос   УБДС- ийн н.Пүрэвсайхан аваргаар шалгарч  200 мянган төгрөг,  200 мянган төгрөгийн Cass-ын бүтээгдэхүүн авах эрхийн батламжийн эзэн болсон.
Энэ жилийн Ур чадварын тэмцээн маш сонирхолтой болсон. Өнгөрсөн жилийн аварга  “Alkes”  багийн  У.Лхагвадорж  эхний шатанд  41 секундэд даалгавраа гүйцэтгэж, улмаар дараагийн шатандаа  хамгийн  богино буюу 30 секундэд  амжиж  энэ жил дахин аваргаллаа. Харин удаахь байрт “Дочигранд” багийн Д.Даваасүрэн шалгарчээ.

Энэ жилийн Бүх оддын тоглолтод баруун,  зүүн бүсийн  шилдэг  тоглогчид  ширүүн, өрсөлдөөнтэй тоглолт үзүүлж, зүүн бүсийн тоглогчид өрсөлдөгчөө 57:52 харьцаагаар буулган авлаа. Үнэ цэнэтэй тоглогчоор “Energy Resources” багийн Б.Баясгалан шалгарсан. Тэрбээр нийт 15 оноо, гурван самбараас бөмбөг авалт гүйцэтгэн шилдгээр тодорсноос гадна “NBA China Game-2011” үзэх эрхийн  батламжаар шагнуулсан юм.

Бүх оддын тоглолтын Спрайт Слэм-данкийн аваргаар  ОТИС-ийн  Н.Нямдорж  тодорч,  хошой аварга боллоо. Нийт дөрвөн  тоглогч  өрсөлдсөнөөс  Н.Нямдорж    эхний болон эцсийн  шалгаруултад бусад өрсөлдөгчөөсөө илүү үзүүлбэр үзүүлж, энэ  жил аваргаа хамгаалж чадсан.  Мөн тэрбээр дахин  NBA-ын тоглолт (NBA China Game-2011)  үзэх эрхтэй болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж