“Эрдэнэс Тавантолгой”-н зөвлөх банкны сонголт тодорхой болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н зөвлөх банкны сонголт тодорхой болжээ

Олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гаргах ажлыг зөвлөхөөр дэлхийн нэр хүндтэй 16 банкны төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирж, сонгон шалгаруулалтад оролцсон. Дээрх шалгаруулалтын дүн гарсан бөгөөд дэлхийн хөрөнгийн зах зээлээс Монгол Улсад хөрөнгө босгож авахад нь тусалсныхаа шанд багагүй хувь хүртэх эрхийг дөрвөн банкид олгожээ. IPO хийх гол зохион байгуулагч буюу спонсороор “Германы Дойче” банк, АНУ-ын “Голдман Сакс” банкийг монголчууд сонгоод байна. Мөн хувьцааны борлуулалтад оролцох, зуучлах үүрэг бүхий бэлтгэл ажилд хамтран оролцох банкаар Францын “Би Эн Пи Париба” банк, Австралийн “Маквэари” банк тус тус шалгарчээ. Тиймээс эдгээр банкийг дараагийн шатны хэлэлцээрт урих болсон байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын аль хөрөнгийн биржид арилжаалах шийдвэрээс шалтгаалж хувьцааны борлуулалтад оролцох, хөрөнгийн биржид зуучлах, хамтран ажиллах 1-2 банкийг тодорхой хугацааны дараа нэмж авах бололцоотой юм байна. Энэ талаарх мэдээллийг ТӨХ-ныхон ихэд нууцалж байгаа бөгөөд албаны хүмүүсийн яриагаар бол ирэх лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар шийдсэний дараа эцсийн шийдвэрийг зарлах юм байна. IPO хийх зөвлөх банкуудыг сонгож авахдаа хувьцааг арилжаалах бүс нутгийн төлөөлөл, ажлын туршлага, олон улсын хөрөнгийн зах зээл дээр явуулдаг үйл ажиллагаа, ирүүлсэн санал зэргийг нь харгалзан үзжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж