Энэ өдөр дэлхий даяар Нисэхийн болон сансарын нислэгийн өдрийг (Space Probe Day) тэмдэглэж байна. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Зөвлөлтийн сансарын нисгэгч Юрий Гагарин дэлхийд анх удаагаа сансар нисэн дэлхийг тойроод буцан ирсэн юм. Энэ 108 минутын нислэг нь сансрын жолоодлогот нислэгийн эринийг нээж өглөө.
Энэ өдөр төржээИспанийн каталоны дуурийн дуучин (сопрано) Монсеррат Кабалье /1933.04.12/
Монсеррат Кабалье 1933 оны дөрөвдүгээр сарын 12-нд Барселона хотноо төржээ. Монсерат Барселоны консерваторид 12 жил суралцаж, 1954 онд алтан медальтай дүүргэжээ. Барселоны дуурийн театрт тэрээр анхны тоглолтоо 1956 онд хийсэн байна. Дараа нь тэнд үргэлжлүүлэн ажиллаж, Тоска, Аида, Арабелла ба Саломеин дүрүүдэд амжилттай дуулжээ.
Тавиад оны сүүлчээр дуучны алдар нэр мандан тэрээр Европын бараг бүх театрт дуулж байлаа. Олон улсын нэр хүндийн дээд оргил нь Нью-Йоркийн “Карнеги-Холл”-д 1965 онд дуулснаар эхэлсэн гэж болно. Доницеттийн “Лукреция Боржиа” дуурийн гол дүрд өвчтэй байсан дуучин Мэрилин Хорныг орлон дуулжээ. Баялаг бөгөөд ер бусын сайхан хоолой нь үзэгчдэд таалагджээ. Тэндээс дэлхийн дуурийн шилдэг театруудын тайзнаа дуулах их аянаа эхэлсэн байна. Уран бүтээлийнхээ амьдралд тэрээр 100 гаруй гол дүрийг тайзнаа бүтээжээ.
Монсеррат 1988 онд «Queen» хамтлагийн Ф.Меркьюрийн хамт «Barcelona» цомог гарган рок хөгжмийн шүтэн бишрэгчдийг татсан юм. 1997 онд Щвейцарийн «Gotthard» хамтлагтай «One Life One Soul» рок-дуулийн цомог гаргаж байв. Тэрээр залууст дуурийн ертөнцийг, дэлхийд испани дуунуудыг нээж өгсөн хүн. Кабалье манай үеийн шилдэг сапрано гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд олон улсын янз бүрийн шагнал авч байлаа. Мөн түүнийг “алтан зүрхтэй дуучин” гэж буяны үйлсээр нь нэрлэдэг. Түүний хандивын тоглолтууд нь ХДХВ/ДОХ-ын өвчтөнүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тус болдог. Мөн тэрээр ЮНЕСКО-гийн сайн санааны элч юм.
Кабалье Монсеррат нөхөртэй, хоёр хүүхэдтэй. Охин Монсеррат Марти мөн л дуулдаг. Эхийн хамт хамтарсан концерт зохион байгуулдаг гэнэ. Өдгөө Монсеррат Кабалье уран бүтээлийн карьераа үргэлжлүүлэн өөрийн дуу хоолойгоор шүтэн бишрэгчдээ баясгасаар байна.
Энэ өдөр таалал төгсчээФранклин Рузвельт, АНУ-ын 1931-1945 онд ерөнхийлөгчөөр ажилласан (1882.01.30-1945,04,12)
Франклин Делано Рузвельт 1882 оны нэгдүгээр сарын 30-нд чинээлэг айлд төржээ. Эцэг нь аж үйлдвэрийн олон компанийн эзэн байлаа. Тэрээр 14 нас хүртлээ гэртээ суралцаж байгаад Массачусетс мужийн Гротон хотын дээдсийн сургуульд оржээ. Харвардад дээд боловсрол эзэмшсэн. Колумбийн их сургуулийн хуулийн ангийг дүүргээд өмгөөлөгчийн ажил эрхэлж иржээ. Франклин тав дахь салааны холын хамаатан Элеоноратай 1905 онд гэрлэжээ. Эхнэр нь түүнийг улстөрч болгосон гол хүний нэг гэдэг. Тэрээр 1910 онд Нью-Йоркийн сенатор болжээ.
1921 онд саа өвчинд нэрвэгдэн бүх насаараа тахир дутуу хүний тэргэнд “хадагджээ”. Гэсэн ч тэр нь улс төрийнх нь гайхамшигтай карьерт саад болоогүй билээ. 1928 онд тэрээр Нью-Йорк мужийн захирагч болов. 1931 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Ерөнхийлөгч болоод “Шинэ чиглэл” гэсэн санхүү, эдийн засгийн хэдэн чухал шинэчлэлийг хийж АНУ-ыг эдийн засгийн хямралаас гаргасан юм. 1935 ба 1939 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр дахин ялжээ.
Дэлхийн II дайн эхэлсний дараа АНУ-ыг зэвсэгт тулаанд оруулахгүй байхыг аль болохоор хичээн “зарлагдаагүй дайн” гэж нэрлэсэн Зөвлөлтөд туслах эдийн засгийн тусламжаар (ленд-лиз) л дайны оролцоогоо хязгаарлах хүсэлтэй байв. Гэвч 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд япончууд Америкийн Пёрл Харбор баазад халдсаны дараа АНУ Японд дайн зарласан юм. Дайны үеэр тэр Гитлерийн эсрэг эвсэл ба НҮБ-ыг байгуулахад ихээхэн зүтгэл гаргажээ. 1943 онд тэрээр дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон байв. Өөрөө нэрийг нь өгсөн гэх НҮБ-ын нээлтийг дөрөвдүгээр сарын 23-нд хийлгэхээр бэлтгэж байгаад 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд цус харван өөд болжээ. Рузвельтийн нэр Америкийн түүхэнд тус улсын хамгийн суут улстөрчдийн нэгээр бичигдсэн юм. Түүнийг нас барснаас хоёр жилийн дараа Америкийн Үндсэн хуулийн 22 дахь засвар хийгдэн ерөнхийлөгчид сонгогдох бүрэн эрхийг хоёр хугацаагаар хязгаарласан байна.