
Эрэгтэйчүүдийн ангилалд УАШТ-ий мөнгөн медальт, I зэргийн тоглогч Ц.Лхасүрэн /Big Bowling/, Н.Батболд /Double-X/-ыг 214:186 харьцаагаар хожиж, аваргын цомыг гардан авлаа. Хоёрдугаар байрт шалгарсан Н.Батболдын хувьд урьдчилсан тоглолтод 236 оноо авч, хагас шигшээ тоглолтод хот, улсын олон удаагийн аварга, I зэргийн тоглогч В.Энхбат /Green Strikes/-ыг хожсоноор 2011 оны чансааны 59-өөс дөрөв рүү “нислэг” хийсэн нь яах аргагүй түүнийг дуулианы эзэн болголоо. Гуравдугаар байрын эзэн Ж.Энхжаргалан /300 клуб/ урьдчилсан тоглолтод авсан 244 оноогоор өндөр онооны шагналыг халаасалж, дээр нь Н.Батболдын хамтаар спортын II зэргийн болзол хангасан байна. Дээрх тоглогчдоос гадна II зэргийн тоглогч С.Батзориг /Double-X/ 224 оноо, I зэргийн тоглогч Г.Сундуйжав /Big Bowling/ 231оноо авч, тус бүр 35 оноогоор чансаагаа ахиулав. Б.Батхүү,О.Батбаатар /хоёул Big Bowling/, н.Нацагдорж, н.Болдбаатар /хоёул Мишээл/, Д.Мурат/B’Zone/ нар олон жил тоглосон туршлагатай тоглогчдыг ялан шөвгийн тоглолтод гарч ирснээр өрсөлдөөнийг дээд цэгт нь хүргэлээ. Өнгөрсөн жилээс эхлэн холбооны ерөнхийлөгч Н.Тамирын санаачилгаар зохион явуулах болсон энэ тэмцээн жил ирэх бүр оролцогчдын чансаа,ур чадварын үзүүлэлтээр боулингийн спортын хөгжилд томоохон түлхэц өгч байна.