
–Цаг агаар дулаараад аялал жуучлалын улирал ирж байна. Та бас л хаа нэг тийшээ аялахаар төлөвлөчихсөн байгаа байлгүй?
-Ойрд жаахан суурин байлаа. Гэхдээ суурин байлаа гээд миний ажил барагдах биш дээ. Ер нь бол дараагийн аялалдаа бэлтгээд эхэлсэн. Энэ удаад Австрали тивээр аялахаар төлөвлөөд буй. Тус тивийн эртний чулуун тогтоц, өвөрмөц сонин газруудаас монголчууддаа аяны богцтой ирэх бодолтой байна. Ийш, тийшээ аялаагүй байлаа ч миний ажил барагдах биш. Өчнөөн архив хуримтлагдсан, түүн дээрээ ажиллаж байтал нэг л мэдэхэд хагас жил шахам суучихсан байх нь бий.
-Ингэхэд та хэзээнээс аялагч болохоор ийм нэвтрүүлэг бэлтгэхээр шийдсэн бэ. Анхныхаа нэвтрүүлгийг хаанаас бэлтгэж байв?
-Би багын адал явдалд дуртай, тэр чиглэлийн ном зохиол их уншдаг байлаа. Алс хязгаарын жижигхэн сумын хүү байсан болоод ч тэр үү, их мөрөөдөмтгий. Аав маань надад үлгэр, туульс, домог их уншиж, ярьж өгдөг, тэр нь миний хүслийг улам асаадаг байж дээ. 1997 онд аз таарч, Их Британи руу явж суралцахаар болсон юм. Эндээс л миний хүүхэд насны мөрөөдөл биелж, өнөөгийн “Гараг” студийн эхлэл тавигдсан даа. Тухайн үед улс төр, эдийн засгийн чиглэлээр тодорхой юм хийчихсэн, байр суурьтай болчихсон байсан. Их Британиас би богц дүүрэн нэвтрүүлэгтэй Монголдоо бууж байж билээ. Ер нь бол “Аяллын цаг” нэвтрүүлэг бэлтгэхэд олон юм нөлөөлсөн дөө. Нэгдүгээрт, хүүхэд насны минь мөрөөдөл, хоёрдугаарт Монголыг дэлхийд, дэлхийг монголчуудад таниулахыг хүссэн хүсэл минь нөлөөлсөн. Тухайн үед монголчуудаас тун цөөхөн нь л гадаадад очиж үзсэн байсан шүү дээ. Гэхдээ миний анхны нэвтрүүлэг Бурхан Халдун уулын тухай нэвтрүүлгээр эхэлж байсан юм. Их Британиас ирээд удаагүй Бурхан Халдуны тахилгад яваад, тэндээсээ анхны “Аяллын цаг”-ийг бэлтгэж билээ. Миний нэвтрүүлэг тэр үедээ л шуугиан тарьж байлаа. Албархуу өнгөөр ярьдаг байсан тухайн үеийн стилиэс тэс өөр энгийн хэлээр телевизээр яриад эхлэхээр зарим хүмүүст тааламжтай, заримд нь хачин сонсогддог байсан байх. Гэтэл дараа нь телевизүүдээр аяллын нэвтрүүлгүүд гараад эхэлсэн чинь намайг хэт албархуу ярьж байна гэсэн шүүмжлэл гарсан шүү.
-1997 он гэхээр Монголын амьдрал ид хүндхэн байсан үе байна шүү дээ. Аяллын нэвтрүүлэг бэлтгэхэд мэдээж, хөрөнгө мөнгө багагүй шаардагддаг. Та тухайн үед санхүүжилтээ яаж гаргаж байсан бэ?
-Аяллын нэвтрүүлэг бэлтгэхэд асар их хөрөнгө, мөнгө шаардагддаг. Санхүүжилтийн, бэрхшээлтэй одоо ч гэсэн тулгардаг. Гэхдээ эхний таван жил үнэхээр хүнд байсан. Надад итгэж, Бадмаа шинэ юм эхлүүлэх гээд байна гэсэн найз нөхдийн дэмжлэгээр нэвтрүүлгээ бэлтгэж байлаа. Бусад телевизүүд очиж чаддаггүй газраас би нэвтрүүлэг бэлтгээд ирдэг байсан юм. 1999 онд “Гараг” студиэ байгуулж байлаа. Өөрийнхөө хүслээр ажиллаж байгаа ч гэлээ хүссэн хэмжээндээ хүрч чадаагүй л байна даа гэсэн бодол надад төрдөг шүү. Аялж явахдаа Эдинбургийн цайзны мухарт хоног төөрүүлж, гудамжинд хонож, нойргүй явах үе зөндөө л гарч байсан юм. Тэр бүхэн надад сайхан дурсамж болон үлдсэн. Өнгөрсөн жилүүдэд дотоод, гадаадын 40 гаруй газраар аялж 400-гаад нэвтрүүлгийг үзэгчдэдээ хүргэжээ. Ер нь жилд дундажаар 40 гаруй нэвтрүүлэг бэлтгэдэг. Эдгээрээс энэ л миний сэтгэлд хүрсэн гэх өөрийгөө тоох нэвтрүүлгийг өдий хүртэл бэлтгэж чадаагүй л явна.
-Яагаад? Таны нэвтрүүлгийг хүмүүс сэтгэл дүүрэн хүлээж авдаг шүү дээ. Танин мэдэхүйн нэвтрүүлэг болоод ч тэр үү хүмүүст их таалагддаг?
-“Аяллын цаг” хүмүүст муухай сэтгэгдэл төрүүлдэггүйг би мэднэ. Гэхдээ өөрийнхөө хүсч байсан хэмжээнд хүрсэн нэвтрүүлэг бэлтгэж чадахгүй байна гэдэгтээ л би харамсдаг юм. Илүү сонирхолтой, илүү гоё юм хийх бодол, хүсэл, чадвар надад бий. Яаж хийхийг нь ч би мэднэ. Гэсэн хэрнээ хүссэн хэмжээндээ хүрсэн нэвтрүүлэг бэлтгэж чадахгүй байгаа нь эмгэнэл юм шиг ээ. Мэдээж, зардал мөнгөнөөс эхлээд янз бүрийн хүчин зүйлс нөлөөлж байгаа л даа. Баруунд бол аяллын нэвтрүүлэг нь олон янз байдаг. Адал явдлын, амралт зугаа цэнгэлийн, түүхийн гээд. Миний нэвтрүүлэг бол сонгомол аяллынх нь. Классик төрлийнх гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хамгийн популяр зүйлийг үзүүлдэг гэж ойлгож болно. Францад очсон тохиолдолд Парисын цамхгийг заавал үзүүлэх ёстой. Түүнээс бус захын ядуусыг, эсвэл гуйлгачдыг харуулах нь монголчуудад сонин биш.
-Аль нэг улс орон руу аялахаасаа өмнө тухайн газар нутаг, үндэстэн угсаатны талаар судалгаа хийдэг биз дээ. Таны бэлтгэсэн нэвтрүүлгээс хамгийн өндөр зардлаар бүтсэн нь хаанахын аялал байв?
-Туркийн цуврал нэвтрүүлэг байсан. Хэдийгээр надаас нэг төгрөг гараагүй ч 50 мянган ам.доллараар бүтсэн нэвтрүүлэг байлаа. Туркийн талаар нэг тааламжгүй нэвтрүүлэг телевизээр гарсан юм билээ. Туркийн тэр сайхан соёл, зан заншлыг иймэрхүү өнгөөр монголчуудад таниулж болохгүй гэдэг үүднээс туркчууд надад хандсан юм. “Аяллын цаг”-аа бэлтгэхийн тулд маш их судалгаа хийдэг. Аялал эхэлснээс эхлээд нэвтрүүлэг бэлтгэж дуустал судалгаа хийгддэг. Түүхчид, археологичид, эрдэмтэдтэй хамтарч ажиллана. Өмнө нь бол судалгаа хийхэд амаргүй л байлаа. Харин одоо интернет гэдэг нэг сайхан мэдээллийн ертөнц байна шүү дээ. Ер нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд “Аяллын цаг” нэвтрүүлэг ганцхан Бадамсамбуу гэдэг хүний нуруун дээр л явлаа. Хүмүүс МҮОНРТ мөнгөгүй л гээд байдаг. Гэтэл ганцхан хүнийг эрхлүүлээд, ганцхан Бадмаад мөнгө өгөөд “тэнүүлээд” байгаа юм шиг ойлгодог. Үнэндээ бол өөрийнхөө хүчээр болгохыг нь болгоод болохгүйг нь хүмүүсийн халаас, хавсарган дор шургалаад л бэлтгэдэг .
-Монголын тухай нэвтрүүлгүүд чинь хүмүүст их хүрсэн байх?
-Хүмүүс таны нэвтрүүлгийг үзээд Монголоороо аялах бодол төрсөн гээд намайг онгироодог юм. Сүүлийн үед манайхан гадагшаа биш Монголдоо аялах дуртай болсон байна лээ. Монголын тухай өчнөөн гоё зүйл үзүүлмээр байдаг. Харамсалтай нь дараа нь бусармаг сэтгэлтнүүд очоод бусниулчихдаг тал бий. Сум орон нутгийнхан болохоор Бадамсамбуу гэж нэг нөхөр ирээд явсан чинь хотоос баахан хүмүүс ирээд манай сайхан газар нутгийг сүйдэлчихлээ гэдэг. Уг нь сум орон нутгийн удирдлагууд нь тухайн өв соёл, газар нутагт анхаарал тавих ёстой юм шүү дээ. Тийм болохоор Монголынхоо илүү гоё, илүү сайхан зүйлийг үзүүлэхээс заримдаа эмээдэг. Үүнийг телевизээр гарсны дараа яах бол гэхээс айдаг. Монголд бидний мэдэхгүй маш олон нууц бий. Хадны сүг бичээс, байгалийн өвөрмөц тогтоц зэрэг судалж, шинжлэх олон юм бий. Сонгомол нүүдэлчдийн сүүлчийн орон гэдэг утгаараа, мөн байгаль цаг уурын өвөрмөц онцлогтой болоод ч тэр үү дэлхий дээр сондгойрч онцгойрсон ганцхан орон бол миний Монгол гэж би боддог. Монголыг гадаадынхан сөргөөр гаргалаа гээд манайхан шүүмжилдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Сөргөөр гарсан ч хамаагүй цацагдаж л байг. Надад бол Монголын муухай нь ч сайхан, сайхан нь ч сайхан санагддаг. Аялж явах хугацаандаа дэлхий ертөнц болоод Монгол даяаршлилд хэрхэн өртөж, яаж хувьсан өөрчлөгдөж буйг харахад сонин ч бас харамсмаар санагддаг юм.
-Таны хувьд Монголд очиж үзээгүй аймаг, сум гэж байхгүй биз дээ?
-Мэргэжлийн аялагч хүний хувьд нэг хоёр очоод хүсэл ханачихдаггүй. Миний хувьд Монголынхоо 21 аймгаар гурваас дээш удаа очиж үзсэн. Гэхдээ дахин дахин очих, үзэх ёстой. Тэр газар хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг харах хэрэгтэй. Сонирхогч хүмүүсийн хувьд нэг очсон газраа олон дахин очоод байх шаардлагагүй л дээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Бээжинд би долоо хоног аялаад “Бээжин дэх Монгол Улс” нэвтрүүлгийг бэлтгэж ирсэн юм. Тэр нэвтрүүлгийн дараа эртний түүхт орон бол Монгол өөрөө гэсэн дүгнэлтэд би хүрсэн.
-Аялал жуучлалын компаниудтай та хэр ойр ажилладаг вэ. Энэ чиглэлийн компани байгуулах бодол төрдөг үү?
-Миний ажилладаг компани бол зөвхөн контент үйлдвэрлэдэг. Тэгэхээр аялал жуучлалын компаниудаас өөр. Аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтардаг. Монголын тухай гадаадад гарч буй видео материалууд бол цөм манайх шүү дээ. Байгаль орчин, аялал жуучлалын яам, Гадаад харилцааны яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам таныг дэмжье, тусалья гэх нь бий. Гэхдээ нөгөө “би сэтгэлээрээ шүү” гэдэг шиг л юм болоод өнгөрдөг юм. Одоо надад 30-аад төслийн санаа байна. Телевизийнхээ удирдлага, салбарын яамныхантайгаа очиж уулзана, төслийнхөө санааг танилцуулна. “Ямар гоё юм бэ, тэгээд яах вэ, мөнгө байхгүй” гэдэг. Хааяа дэлхийн томоохон телевизүүд ганц нэг дүрс авдаг л даа. Гэхдээ би нэвтрүүлгээ өгөх дургүй.
-Яагаад, харин ч танд сайхан сурталчилгаа болно шүү дээ?
-Мэргэжлийн төвшинд нэвтрүүлэг бэлтгэдэг тэр том телевизүүдэд хагас мэргэжлийн бүтээл өгөхөөсөө ичдэг. Хэрвээ үнэхээр сэтгэлд хүрсэн нэвтрүүлэг бэлтгэсэн бол өгөхөд буруудах юу байхав, наймаалцчихна. Энэ нь миний менежментийн алдаа байх л даа. Нэр хүнд, амбицад дуртай хүн бол өөр л байх байсан биз.
-Та аялалд явахдаа хувийн зүгээс хамгийн түрүүнд юу авч явдаг вэ. Таны техник хэрэгсэл хэдий орчим үнэтэй байдаг вэ?
-ТV аялал бол сонирхогчийнхоос шал өөр. Шүдэнз, аяганаас эхлээд эмнэлгийн хэрэгсэл энэ тэр гээд нэг жип машинд багтахгүй ачаатай явдаг юм. Зөвхөн миний фото хэрэгсэл гэхэд 20-30 мянган ам.долларынх. Мэргэжлийн нэвтрүүлэг хийхэд наад зах нь 300-400 мянган ам.долларын хэрэгсэлтэй явах ёстой. Ийм камер Монголд нэгхэн ширхэг байдаг юм. Түүнийг өдрийн 1200 ам.доллараар түрээслүүлдэг гээд бод. Тийм түрээс төлж дийлэхгүй шүү дээ.
-Та дээр хэлсэн шүү дээ. Би улс төр, эдийн засгийн чиглэлийн нэвтрүүлгээрээ байр сууриа олсон байсан гээд. Энэ чиглэлээрээ явсан бол гэх харамсал төрдөг үү?
-Үгүй ээ, төрдөггүй. Харин ч миний найзууд надад цагаан атаархдаг. Бадмаа чи хүссэн зүйлээ хийдэг гээд. Харин зарим нь намайг шүүмжилдэг. Улс оронд зөндөө хийх ажил байхад чи амиа бодоод, өөрийнхөө хүслээр тэнээд байна гэж хэлдэг юм. Тэдний шүүмжлэл зөв ч байж болно. Улс төр, эдийн засгийн чиглэлээрээ явсан бол би өнөөдрийнхөөс илүү амжилтад хүрэх байсан гэж боддог. Магадгүй УИХ-ын гишүүн болчихсон, эсвэл томоохон компанийн эзэн болчихсон тууж яваа ч байж болно. Гэхдээ би өөрөө өөрийгөө алдах байсан болов уу гэж боддог.
-Та ерээд оны “Зүс бүгээн андууд” бүлгэмийг тэргүүлдэг байсан. Модернист урсгал Монголын уран зохиолд орж ирэхийн эхлэл байсан гэж хүмүүс ярьдаг?
-Тийм ээ үнэн, тэр үеийн утга зохиолд шинэчлэл хийж байсан хэрэг. Миний хувьд хамгийн ихээр өөрийгөө зориулж чадах зүйл бол утга зохиол.