Давуу эрхийн хувьцааг хэзээ олгох нь тодорхойгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Давуу эрхийн хувьцааг хэзээ олгох нь тодорхойгүй

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Харин хэзээ төрснөөс нь үл хамааран “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаанаас иргэн бүрт  нэг ширхэгийг эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газраас  гаргасан. Иргэдийн эзэмшиж эхлэх гэж байгаа давуу эрхийн хувьцааны талаар “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбишээс зарим зүйлийг тодруулсан юм.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг иргэд хэдийнэ эзэмшээд эхэлчихсэн.  Харин “Эрдэнэс МГЛ” компа­ниас эзэмших давуу эрхийн хувьцаагаа хэзээнээс эзэмшиж эхлэх боломжтой вэ?

-Энэ талаарх асуудал одоогоор тодорхойгүй байна. Засгийн газрын хуралдаанаар иргэдэд олгох давуу эрхийн хувьцааны талаарх нарийн ширийн асуудлыг дахин хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах юм.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт хуваарилах 536 ширхэг хувьцааг энэ сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд хүртэх боломжгүй болохоор давуу эрхийн хувьцаа гаргасан юм уу?

-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” компанийг “Хүний хөгжлийн сан”-гийн хуультай уялдуулан өөрчлөх асуудлыг авч хэлэлцсэн юм. Тиймээс ирээдүйд том ашиг олох боломжтой “Эрдэнэс МГЛ” компанийн ногдол ашгийг УИХ-аар жил бүр хэрхэх эсэхийг хэлэлцэн шийдэх юм. Мөн иргэддээ ногдол ашиг олгох ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ үүднээс иргэн бүрт “Эрдэнэс МГЛ” компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг ногдол ашиг олгох нөхцөлтэйгөөр эзэмшүүлэхээр болж гурван сая  ширхэг давуу эрхийн хувьцаа гаргахаар болсон.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж