“Цагаан уул” хайрын шүлгийн наадам болов

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

“Цагаан уул” хайрын шүлгийн наадам болов

Монгол улсад Залуучуудын хөдөлгөөн  үүссэний  90  жилийн ойн  хүрээнд хайрын шүлгийн “Цагаан –Уул-2011”  яруу найргийн  наадам болж өндөрлөлөө.   Хүн төрөлхтний агуу их хайрыг өнө мөнхийн билэгдэл “Цагаан Уул” цэцгээр төлөөлүүлэн  нэрийдсэн  тус наадамд энэ жил 80-аад  залуу уран бүтээлчид өөр өөрсдийн өнгө аяс бүхий 160 гаруй шүлгээ ирүүлжээ. Наадмын үеэр  Болор цом, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчид залуу яруу найрагчдын аяны дөрөөнд шүлгэн мялаалга өргөсөн байна. Энэ жилийн наадмын тэргүүн байрыг МУИС-ийн 4-р курсын оюутан Ч.Өсөхболд “Хайрт минь” шүлгээрээ, дэд байрыг чөлөөт  уран  бүтээлч  Г.Баяр “Сарны туяанд чамтай” шүлгээрээ, гуравдугаар байрыг “Их Монгол” дээд сургуулийн оюутан Р.Улам-Оргих хайрын шүлгээрээ тус тус эзэлжээ. “Цагаан-Уул-2011” наадамд  Дундговь, Баянхонгор, Говь-Сүмбэр, Говь-Алтай, Төв, Дорнод, Архангай  аймгуудаас залуу яруу найрагчид хүрэлцэн ирж хайрын шүлгээрээ өрсөлдсөн нь жил ирэх тусам энэ наадмын цар хүрээ өргөжиж байгааг харуулж байна.

“Цагаан-Уул-2011” наадмын шагналтнуудын шүлгээс уншигчиддаа сонирхуулж байна.

МУИС-ийн 4-р курсын оюутан Ч.Өсөхболд  /Тэргүүн байрын шагналт/

Хайрт минь

Орчлон өвөлд бэлтгээд
Одод гэрлээ татаад л
Сар хүртэл инээхээ болиод
Модод дуугаа хурааж
Шөнийн шувуудын нислэг ч
Сэтгэлд хүрэхээ больж байна
Энд өвөл болж байна
Гэвч
Тэнд хаварт бэлтгээд
Тэнгэр нь бороонд бүлээцээд
Шувууд өнөөх хайрын дуугаа аялаж
Модод сүүдрээ дэлгээд л
Дурлалын хотод, дурлалын эзэн маань
Дууланхан моддын доор суугаад л
Тэнд хавар болж байна.
Тэнгэрээс цагаахан одод бууж
Үсэн дээр чинь эрхлээд л
Тэнд ямар нам гүм гээч
Үгээр хэлэхийн аргагүй…
Тэвчээр минь, итгэл минь
Тэнгэр минь, инээд минь
Үг минь, үнэнч сэтгэл минь
Тэнд хавраараа байна.
Дандаа бүлээхэн бороо шивэрч
Дараа нь хайрын өнгөтэй солонго татаад л
Чи минь түүнийг хараад
Чимээгүйхэн моддын доор зогсож байна
Бурхан минь
Буцаах, түлхэх, ухраах эрх таньд байхгүй шүү
Энд бүх зүйл хавраараа байнаа
Хайрт минь…

Чөлөөт  уран  бүтээлч  Г.Баяр / 2-р байрын шагналт/
    Сарны туяанд чамтай

Сарны туяанд чамтай
Шалбааг туучих сайхан л байдаг
Үл мэдэг гуниг зүлгүүрдсэн харцанд чинь шөвөгдүүлээд өвдөхдөө би
Ер бусын хөгжимлөг шүлэг бичин, шилэн лонхонд хийгээд
Далайн чанадад илгээдэг

Сарны туяанд
Уруулын чинь хэлбэр тодроход санааа алдмаар л байдаг
Зөөлөн амьсгал чинь хацар дээгүүр эргэлдэн нисэхэд
Зүрх минь салхин хонхноос ч илүүтэйгээр жингэнэж эхэлдэг
Сарны туяанд
Үсний чинь ширхэг гэрэлтэх туйлын гоо сайханлаг байдаг
Хөлийн чинь хурууг нойтон өвс шүргэхэд
Хөхний чинь товч шувууны нүд шиг гэрэлтэхийг би анзаардаг
Сарны туяанд чамтай
Шалбааг туучих сайхан л байдаг
“Их Монгол” дээд сургуулийн оюутан Р.Улам-Оргих /3-р байрын шагналт/
Мөнхийн гэрэлт саран
Мөрөөдлийн шөнөөр хөвөхөд
Өнчин зүрхний гуниг сэмлэж
Өндөр тэнгэрээс үүлс будардаг.
Намар оройн шувууд нуурандаа эргэж ганганахдаа
Навчисаа гээх моддын нөмгөн уйтгарыг сэдрэнэ.
Хайр хүсэл, хамгийн нандин бүхэн минь
Хавар шиг танхил чамайг л санан ганцаардахад
Жирмийн сүлжээс зангидмаар нарны хээтэй бодлоороо
Жигүүр цуцаж үзээгүй зүрхний хүслэнг  аргадна.
Аяс намуухан эгшиглэн мэт намрын цагаан манан
Ангир сэтгэл дундуур чинь урсаж өнгөрөөд замхархад
Раамын ууланд нахиалсан навч хийсэх чимээнээр
Рашаан тунгалаг уснаа бодлоо хөвүүлэн санааширч
Гүнжийн өмсгөлтэй дүрийг чинь
Гүн шөнөөр зүүдэндээ урлахад
Аз жаргалын тухай хамгийн гэнэн төсөөлөл шиг
Алдуурч одсон мөрөөдлүүд чамруу л эргэх шиг санагдахад
Лянхуа сарны зүг тэртээг зорих бидэр
Лимбийн эгшиг мэт уянгатай тогоруун дуутай алсарсан

С.Отгон

                       
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж