АНУ-д төсвийн маргаан өрнөөд байна

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

АНУ-д төсвийн маргаан өрнөөд байна

Хугацаа нь дуусахаас хоёр цагийн өмнө ардчилагчид ба бүгд найрамдахчууд үлдэж байгаа зургаан сарын холбооны төсвийн талаар тохиолцоонд хүрч чадлаа. Төсвийг дараагийн долоо хоногт нэг мөр батлах хүртэл АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг хангах зорилготой төсвийн богино хугацааны арга хэмжээг тэд авахаар тохиролцов.

Үүний дараа Сенат ба Төлөөлөгчдийн тан­хим хоёр төсвийн төлөвлөгөөг дэмжлээ. Тохи­рол­цоонд хүрч чадсанаар тэд Засгийн газрын ажиллагааг тасалдуулах, төрийн албаны ажилчдыг түр хугацааны амралт авахуулахаас зайлсхийж чадав. Тохиролцоо хийгдсэний дараа ерөнхийлөгч Обама төсвийг 39 тэрбумаар хорогдуулах болсныг онцлов. “Ардчилагчид ба бүгд найрам­дахчуудын хийсэн энэ тохиролцоо нь бид ирээдүйд хөрөнгө оруулсан, манай түүхэн дэх хамгийн онцгой хэмнэлт юм” гэж тэр хэлжээ. Конгресс дахь хоёр намын дарга нар тохиролцоо хийж чадсаныхаа төлөө бие биедээ баяр хүргэв.

Төлөөлөгчдийн танхимын спикер, бүгд найрамдагч Жон Бейнер төрийн зардлын хэмнэлт нь Америкийн эдийн засгийг сэргээхэд амин чухал гэлээ. “Төсвийн талаар маргаан их, тэмцэл нь урт хугацаатай байлаа. Гэхдээ бид төрийн зардлыг хэмнэхээр л маргалдаж байсан юм. Тэр нь манай оронд шинэ ажлын байр бий болгоход үнэхээр тустай” гэж тэр хэлэв.

Бейнерт намынх нь доторх “Цай уулт хөдөлгөөний” төлөөлөгч нараас ихээхэн шахалт ирж байлаа.  Тэд зөвшилцлийн эсрэг, зарлагыг эрс багасгахын төлөө байсан юм. Олон нийтийн сүүлийн санал асуулгаар америкчуудын арав­ны зургаа нь зөвшөлцлийн төлөө байсныг харуулжээ. Сенат дахь ардчилагч нарын олонхийн дарга Гарри Рид мэдэгдэхдээ зөвшилцөл хийхэд хүндхэн байсан, гэхдээ улс орны хувьд чухал алхам гэлээ. “Америкчууд өдөр бүр хүндхэн сонголт хийх асуудалтай тулгарч байхад лиде­рүүд нь ч бас түүнийг хийх хэрэгтэй” гэж тэр хэлжээ. Ардчилагчид ба бүгд найрамдахчууд Засгийн газраа хэсэгчлэн хаалгахад хүргэх шахсан хэмээн бие биенээ муулж байгаа. Маргааны гол хоёр чиглэл нь эмнэлгийн үйлчил­гээний Planned Parenthood гэх холбооны санхүүжилт ба Хүрээлэн буй орчны хамгаалалтын агентлагийн санжүүжүүлэлт хоёр байлаа. Planned Parenthood байгууллага нь үйл ажиллагаанаас гадна хиймлээр жирэмслэлтийг таслах зөвлөгөө өгдөг. Бүгд найрамдахчуудын ихэнх үр хөндөлтийг хуульчлахын эсрэг байгаа ба үр хөндөлтийг төрийн зардлаар явуулахыг эсэргүүцдэг. Мөн тэд Хүрээлэн буй орчны агентлаг ажлын байр бий болгох боломжийг бууруулж байна хэмээн үздэг.

Ардчилсан намынхан зөвшилцөлд хү­рэ­хэд Planned Parenthood байгууллагын сан­хүү­жилтийг өгөхгүй гэсэн бүгд найрамдахчуудын шаардлага саад болсон гэж шүүмжилж байгаа. Бүгд найрамдахчууд нь төрийн зардлыг бууруулах үүднээс маргалдсан болохоос биш нийгмийн хөтөлбөрүүд дээр яриагүй гэв. Тэдний баасан гаригийн тохиролцоо нь эдгээр хоёр маргааны бай болсон санхүүжилтыг хаалгүй үлдээх  тухай юм. Гэхдээ Planned Parenthood-ын санхүүжилтыг хаах талаар мөн 2010 онд Барак Обамагийн баталсан Эүүл мэндийн шинэчлэлийн тухай Сенат дахин ярилцахаар болжээ.

Америкийн ерөнхийлөгч төсвийн асуудлаар хэлэлцээр хийсэн гэв. “Эдгээр хасалтыг зөвхөн төрийн зардалд хамаатай болгох талаар бид ихээхэн зүтгэл гаргалаа. Маргаанд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн болон бидний агаар усыг хамгаалах асуудал ороогүй. Эдгээр асуудлыг хэлэлцэх ёстой ч төсвийг ярилцаж байхад тэднийг хөндөх шаардлагагүй” гэж Обама хэллээ. Ерөнхийлөгч төсвийн маргааныг хэт сунжруулах бололцоог өгч, өөрөө тэнд оролцохгүй байсан нь бас л шүүмжлэл сонсов. Гэхдээ тэрээр өнгөрсөн долоо хоногт ардчилагчид ба бүгд найрамдахчуудын лидерүүдтэй хэд хэдэн хуралдаан хийснээс гадна конгрессменүүдтай утсаар ярьж байсан юм. Ерөнхийлөгч Индиана мужид очих гэж байснаа хойшлуулан төсвийн тохиролцооны дүнг гартал хүлээжээ.

Эх сурвалж: Кент Кляйн | Цагаан ордон, бямба гариг
Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж