Феттель Малайзын гран-прид түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Феттель Малайзын гран-прид түрүүлэв

Малайзын Сепанг тойрог замд өчигдөр болсон улирлын хоёр дахь гараанд “Red Bull” багийн Себастьян Феттель гараанаас бариа хүртэл тэргүүллээ хадгалсаар ялагч боллоо. Хамгийн залуу дэлхийн аварга тэрбээр мөн Мелбурнд болсон улирлын нээлтийн гараанд тэргүүлсэн билээ. Өчигдрийн гараанд “McLaren”-ы Женсон Баттон хоёрт хурдалсан бол “Renault”-гийн Ник Хайдфилд хурдтай байж, шагналын тавцанг бүрдүүлжээ. Харин Феттелийн багийн анд Марк Уэббер дөрөвт бариалсан байна. 2008 оны дэлхийн аварга Льюис Хэмилтоны хувьд өчигдөр таагүй өдөр байлаа. Тэрбээр “Ferrari”-гийн хослол болох Фелипе Масса, Фернандо Алонсо нарын араас долдугаарт барианд оржээ. Гэсэн хэдий ч уралдааны үеэр Алонсотой гуравдугаар байрын төлөө “тэмцэлдэж” байхдаа түүнийг мөргөсөн учир уралдааныг зохион байгуулагчдын зүгээс Хэмилтонд 20 секундын торгууль оноосон байна. Ингэснээр Хэмилтон “Sauber” багийн япон нисгэгч Камуй Кобаяашигийн дараа наймдугаарт бичигдлээ. Ялгаагүй шийтгэл хүлээсэн Алонсо зургадугаар байраа хадгалжээ. Мөн өчигдрийн гараанд дэлхийн долоон удаагийн аварга, “Mercedes”-ийн Михаэль Шумахер есдүгээрт, харин 10 дугаар байрт “Force India” багийн Пол ди Реста орсон байна.

“Формула-1”-ийн ДАШТ-ийг тэргүүлэгчид /Малайзын гран-пригийн дараах байдлаар/:

1. Себастьян Феттель /Герман/ – Red Bull – 50 оноо
2. Женсон Баттон /Их Британи/ – McLaren – 26
3. Льюис Хэмилтон /Их Британи/ – McLaren – 22
3. Марк Уэббер /Австрали/ – Red Bull – 22
5. Фернандо Алонсо /Испани/ – Ferrari – 20
6. Фелипе Масса /Итали/ – Ferrari – 16
7. Ник Хайдфилд /Герман/ – Renault – 15
7. Виталий Петров /ОХУ/ – Renault – 15
9. Камуй Кобаяаши /Япон/ – Sauber – 6
10. Себастьен Буэми /Швейцарь/ – Toro Rosso – 4

Зохион бүтээгчдийн цом:

1.    Red Bull – 72 оноо
2.    McLaren – 48
3.    Ferrari – 36
4.    Renault – 30
5.    Sauber – 6
6.    Toro Rosso – 4
6.    Force Inida – 4

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж