
Өмнөд Африкийн ерөнхийлөгчийн албаны газраас гаргасан мэдэгдэлд “Энэхүү зуучлал хийх гэж буй Комисс Ливи улсад хил нэвтрэн орж, Триполи хотод Муамар Каддафитай уулзахаар НАТО-гаас зөвшөөрөл авсан юм. Төлөөөлөгчид 4 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд Бенгазид очиж, Үндэсний шилжилтийн зөвлөлийнхэнтэй уулзаж ярилцана” гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зуматай хамт Мали, Конго, Уганда, Мавритани улсын ерөнхийлөгчид дагалдан яваа ажээ.
Африкийн нэгдлийн төлөөлөгчдийн мэдээлснээр тэд нарын гол зорилго бол зэвсэгт мөргөлдөөнийг улс төрийн хэлцлийн замаар зогсооход оршиж байгаа юм байна. Мавританийн ерөнхийлөгч Улд Абделазиз “Манай зуучлалын үр дүнд Ливийн ард түмний хүсэл эрмэлзлэлд нийцсэн яриа хэлэлцээг дайтагч талууд хоорондоо хийж, үүсээд байгаа хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэн байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг