Кличкогийн ах, дүүсийн амьдралаар кино бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Кличкогийн ах, дүүсийн амьдралаар кино бүтээжээ

Мэргэжлийн боксын рингэнд нэрээ мөнхөлж, үндэсний баатрын хэмжээнд үнэлэгдэх болсон Украйны ах, дүү тулаанч Виталий болон Владимир Кличкогийн амьдралын тухай өгүүлэх “Klitschko – Inside the Ropes” нэртэй баримтат кино гарчээ. 1996 онд мэргэжлийн боксын замналаа эхлүүлэхээр Германыг зорьсон тэдний рингэн дээрх амжилт үргэлж адил байгаагүй. Мэргэжлийн боксын рингэнд 15 жил ноёрхсоны эцэст тэд 2008 онд шинэ түүх бүтээж, нэгэн цаг үед хүнд жингийн дэлхийн аварга бүсийг эзэмшиж буй анхны ах, дүү тулаанч болсон юм.

Спортын замналаас гадна тэд доктор, профессор цол зэрэгтэй, дөрвөн хэлээр ус цас ярьдаг гээд хүн бүрийн мэддэггүй сонирхолтой түүх, ээждээ амласан тангарагтаа үнэнч байдаг эсэх, хэзээ ч хоорондоо тулалдахгүй юу гэхчилэн олон сонирхолтой сэдвийг багцалжээ. Emmy Awards-ын шагналт найруулагч Себастьян Хеннхардт киноны ерөнхий найруулагчаар ажиллаж, Кличкогийн ах, дүүсийг дагалдан онцгой гэсэн тулаануудад нь хамт байлцсан гэнэ. Энэхүү баримтат кинонд мөн Кличкотой ойр дотно харилцаатай хүмүүсийн сонирхолтой яриа, нууц, хувцас солих өрөөнд тэдэнтэй ярилцсан яриа, тулааны өмнөх хэдэн хором, энэ хоёр агуу тулаанчийн хөрөг зэрэг багтсан байна.

Хүйтэн дайны үед Зөвлөлтийн цэргийн баазад хүүхэд насаа өнгөрүүлсэн тэдний гэр бүл Чернобылын атомын цахилгаан станцын осолд нэрвэгдэж, хүнд бэрх амьдралаас мэргэжлийн боксын “акулууд” болсон тэдний амьдралыг хүүрнэх “Klitschko – Inside the Rings” баримтат кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж