Хуулийг хэрэгжүүлэхээр хуруу ч хөдөлгөөгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Хуулийг хэрэгжүүлэхээр хуруу ч хөдөлгөөгүй

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Шинэ­баяр, С.Эрдэнэ нар өнгөрөгч баасан гаригт хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг уулзалтын эхэнд “Монгол улсын эрх ашиг нь нам эвслийн эрх ашгаас дээгүүр байх ёстой. Тиймээс ч бид энэхүү мэдээллийг хийхээр болсон юм” хэмээн онцлов. Уг хэвлэлийн хурлын сэдэв нь орд газруудын ашиглалтай холбоотой хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, энэхүү нөхцөл байдлаас хэрхэн гарах тухай байв. Д.Ганхуяг “Ашигт малтмалын тухай хууль 2007 онд батлагдан УИХ-аас 27-р тогтоол гарсан. Уг тогтоолд стратегийн 15 орд бий. Эдгээр ордын ганцыг нь буюу Оюутолгой дээр л хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдсэн ордын 50-иас дээш хувийг улс авахаар хууль бий. Гэтэл энэ заалт хэрэгжсэнгүй. Түүнчлэн төрийн мэдэлд байх хэд хэдэн ордын лиценз хувь хүмүүсийн гарт орсон байна. Ерөнхий сайд Тавантолгойн талбайн дөрөвхөн хувийг үлдээсэн гэж мэдэгдсэн. Гэтэл талбайн энэхүү дөрвөн хувь дээр нийт нөөцийн 20 хувь нь ногдож байна шүү дээ. Энэ хэмжээний хэрээр ард түмэн хохирно. Хууль гарснаас хойш таван жил, тогтоол гарснаас хойш дөрвөн жил өнгөрлөө. Гэтэл Засгийн газар төрийн хувь хэмжээг тогтоох ажлыг одоо болтол хийхгүй байна” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заасан. Уг хуулийг хэрэгжүүлж Төмөртийн орд, Энержи Ресурс, Мак компаниудын ордын 10 хувийг арилжих ёстой биз дээ” гээд, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа салбарын сайдад хариуцлага тооцох хэрэгтэй гэв.
Гишүүд хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт дахин сануулж, хууль биелүүлж чаддаггүй салбарын сайдад хариуцлага тооцохыг шаардаж буйгаа мэдэгдэв. Хэрэв энэ талаар ажиллахгүй бол Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг тавихаа ч мөн мэдэгдсэн юм.

Х.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж