Исланд зээлээ төлөхөөс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Исланд зээлээ төлөхөөс татгалзжээ

Исландчууд Их Британи, Нидерландын  санхүүгийн тусламжийг эргүүлэн төлөхөөс татгалзжээ. Бүх нийтийн санал асуулгаар иргэдийн 57 хувь нь татгалзаж, 43 хувь нь дэмжсэн байна.  Исландын Ерөнхий сайд  Йоханна Сигурдардоттир “ Санал асуулгын үр дүн асуудлыг улам хэцүү болгож байна” гэж телевизээр ярьжээ. 2008 онд Исландын Landsbanki банкны систем дампуурахад Их Британи, Германы хөрөнгө оруулагчид дөрвөн тэрбум еврогийн алдагдалд орсон ажээ. Тухайн үед Исландын  банкууд “Исландыг аваръя” нэрийн дор  банкуудад  Их Британи, Нидерландыг  хадгаламжийн данс нээх хүсэлт гаргасан юм. Исландын парламент энэ асуудлаар гэрээ байгуулахаас хойш сууж, Ерөнхийлөгч Олафур Гримссон гарын үсэг зурахаас татгалзсан нь олон нийтийн санал асуулга явуулахад хүргэсэн байна.
Өмнө нь 2010 оны олон нийтийн санал асуулгаар мөн хатуу болзолтой тусламжийг эргүүлэн төлөхийг нийт иргэдийн 93 хувь нь эсэргүүцэж байжээ.  Хэрэв хоёр дахь удаагийн санал асуулгаар мөн татгалзвал Засгийн газрын дараагийн алхам ямар байх нь тодорхойгүй байна. Их Британи, Германы Засгийн газар Исландын 400 мянган хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг нөхөн олгосон ажээ. 

Сүүлд байгуулсан гэрээний дагуу Исланд 2016-2046 оны хооронд 30 жилийн хугацаанд  Их Британид 3.3 хувь, Нидерландад 3 хувийн хүү төлөх ёстой юм. Харин өмнөх гэрээнд зааснаар  5.5 хувийн хүүтэйгээр 2016 – 2024 оны хооронд төлөх болзолтой байжээ.  Исландын Засгийн газар өрийн хэмжээ дөрвөн тэрбумаас ихгүй гэж тооцож байгаа бөгөөд төлбөрийн ихэнх хэсгийг Landsbanki банкны арилжаанаас гаргана гэж үзэж байгаа ажээ. Ажиглагчид дээрх гэрээ Исландын санхүүгийн зах зээлд сан байгуулах тул эдийн засгийн сэргэлтэд маш чухал гэж ажиглагчид үзэж байна.  Мөн энэ асуудлыг хэрхэн шийдэхээс тус орон Европын холбооны гишүүн болох эсэх нь шийдэгдэх гэнэ. 2008 онд Исландын гурван том банк дампуурлаа зарласан.  Засгийн газар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нөхөн олгосон боловч хилийн чанад дахь хадгаламж эзэмшигчид бүх мөнгөө алдсан ажээ.  Уг асуудал Исланд Их Британийн дипломат харилцаанд сэв суулгаж, тус орны эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж