УИХ-ын энэ хаврын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлахаар хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд
тусгаад байгаа билээ. Сонгуулийн хуулийн шинэчлэлийн хүрээнд эрх зүйн
хариуцлага, түүнийг хүлээлгэх арга замын тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Өмнө явагдаж
байсан сонгуулиийн үед хуулийн хариуцлага хүлээлгэх зөрчил олонтаа гарч байсан ч холбогдох байгууллагуудын эрх үүрэг,
хуулийн зохицуулалт, шийтгэлийн механизм тодорхой бусаас шалтгаалж
сонгогчид, улс төрийн намуудын хүлээлтийг хангаж чадалгүй өдий хүрсэн.
Сонгуулийн маргааныг хууль, шүүхийн байгууллагууд шуурхай шийдвэрлэж чадахгүй
байгаагаас “бохир”, хууль зөрчсөн сонгууль явагддаг гэсэн ойлголт иргэдийн дунд бий болоод
байна. Иймээс сонгуулийн тухай хуулинд хариуцлагын асуудлыг нарийвчлан
тодорхойлох, маргаан үүссэн тохиолдолд шуурхай шийдвэрлэх, энэ чиглэлийн холбогдох
байгууллагуудын эрх, үүргийг тодруулах шаардлагатай байгаа билээ. Иймээс УИХ-ын Төрийн
байгуулалтын байнгын хороо сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг
байгууллагуудын төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 13-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, сонгуулийн тухай хуулийг зөрчсөн
тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх, шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар санал боловсруулахаар болжээ.
“Сонгуулийн эрх зүйн хариуцлага” сэдэвт энэхүү зөвлөлдөх уудзалтаар “УИХ-ын сонгуулийн тухай хуульд хариуцлагын асуудлыг
хуульчилсан байдал”, “Сонгуулийн үед хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд
тавих хяналт”, “Сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх асуудлууд”, “Сонгуулийн зөрчил
маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэх нь”, “Сонгуулийн үеэр гардаг
гэмт хэрэг, зөрчил-цагдаагийн байгууллагын үүрэг”, “Сонгогчдын эрх зөрчигдөх байдал, шийдвэрлэх арга зам”, “Сонгуулийн санхүүжилт журам
ба банкны үйл ажиллагааны зохицуулалт, хариуцлага” сэдэвт илтгэлүүд хэлэлцэж,
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд
тусгагдсан хариуцлагын заалтуудын талаар санал солилцох аж. Зөвлөлдөх уулзалтад
Хууль зүй, дотоод хэргийн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын
дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Захиргааны хэргийн шүүх, Хүний эрхийн үндэсний
комисс, Цагдаагийн ерөнхий газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд, Монголбанк, хэвлэл, мэдээллийн
байгууллагын төлөөлөл оролцох юм.
Уг
уулзалтаар яригдсан сонгуулийн эрх зүйн хариуцлагын талаархи саналыг нэгтгэж УИХ-ын сонгуулийн тухай
хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт шилжүүлэх юм байна.
Б.Амгалан