Засгийн газар үнэнийг мэдэх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.04.09-нд нийтлэгдсэн

Засгийн газар үнэнийг мэдэх ёстой

Тавантолгойн стратегийн ордод олборлолт хийх  компанийг сонгон шалгаруулах Засгийн газрын ажлын хэсгийнхэн өнөөдөр чухал болзоотой. Тендерт оролцохоор саналаа ирүүлсэн консерциумуудын төлөөлөлтэй хийх энэ уулзалт аль аль талдаа үнэ цэнэтэй. Монголын тал баялгийн эзэн учраас давуу байр суурьтай оролцох нь гарцаагүй. Харин тендерт ялагч болохыг хүссэн талуудаас элдэв янзын авир гаргасаар удаж байгаа. Энэ талаар тэд ямар нэгэн мэдээлэл цуглуулж чадсан болов уу. Өдөр тутмынхаа ажилд нухлагдсаар амжаагүй ч байж мэдэх юм. Тэгвэл Засгийн газар одоо үнэнийг мэдэх цаг болжээ.  

    Тендерт Оросын төмөр зам нэгдэл оролцоно. Тэд Япон, Солонгостой нэг консерциум болон эрх ашгаа нэгтгэсэн байгаа. “Оросууд ялагч байх ёстой” гэсэн үзэл санааг ах нар удаа дараа тулгасаар буйг бид мэднэ. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ч энэ тухай нууж хаалгүй ярьж л байсан.  Тэгэхээр оросууд өөртөө итгэлгүй  байна гэсэн үг. Зөв л дөө. Монголын тал Оросод одоогоор барьцаалагдах юм юу ч байхгүй.  Өр шир зээл байхгүй.  Гэвч тэд нэг зүйлийг бодож олж чаджээ. Үүнийг л Засгийн газар мэдэх ёстой. Тэр бол нефть. Манай нефть импортлогч компаниуд ОХУ-ын “Роснефть” компаниас бүтээгдэхүүн авдаг. Өөрөөр хэлбэл, Монголыг шатахуунтай байлгах уу, үгүй юу гэдгийг энэ компани л шийднэ. Шийдээд ч эхэлчихсэн.

Сүүлийн жилүүдэд манай улсын нефтийн импортын тооцоог хархад жил тутам 100 мянган тонноор өссөн мэдээ харагдаж байна. 2010 онд нэг сая тонныг хэрэглэж байсан бол 2009 онд 900000, 2008 онд 800000 тонныг импортолсон байх юм. Тэгэхээр ямар ч  нийлүүлэгч компанийн хувьд  дургүйцэх шалтгаан байхгүй. Гэтэл дөрөвдүгээр сард   “Роснефть” компаниас манай импортлогч нарын захиалсан болоод авсан нефтийн тоо хэмжээ миний өмнө байна. Петровис, Петростар, НИК, Магнай трейд, Шунхлай, Сод Монгол, Жаст гээд манай импортлогч нарын захиалсан хэмжээнээс тус бүр 50 хувиар хасч гэрээлжээ. Жишээ нь, Петровис 4400 тн дизель түлш захиалсан бол ердөө 1500 тонныг гэрээлсэн байх юм. Зөрүү нь 2900тн. Гэхдээ энэ бол зөвхөн Петровисийн  жишээ. Бусад компанийн хувьд ч ялгаагүй захиалгаа тануулсан байгаа. Өөрөөр хэлбэл, оросууд манай зах зээл дээр хэрэгцээтэй байгаа шатахууныг хасч биднийг морин тэргээрээ явахыг хүсч байгаа. Яагаад. Үүнээс өмнө оросууд манай захиалгыг хасч байсан удаагүй.  Гэтэл энэ удаа юу болоод байгаа юм бэ. “Роснефть” бол ОХУ-ын төрийн өмчит компани. Бизнесийн  зарчмаар бус төрийн ач холбогдлыг нэн тэргүүнд тавьдаг. Тэгэхээр Оросод ямар ч барьцаагүй болсон  Монголын өмнөө бөхөлзүүлэхийн тулд амин чухал хэрэглээ болсон нефтиэр нь боогоод өгвөл чих нь зөөлөрнө гэж тооцсон бололтой. Учир нь, манайх Хөх хотоос нефть авч чадахаа больчихоод овоо хугацаа өнгөрч байна. Өмнөд хил дээр суурилуулсан нефтийн тоолуур эвдэрчихээд  түүнийгээ ч засч чадахгүй  шанагаар хутгаж савлах нь холгүй ядарч яваа. Гэтэл Хөх хотоос “Манай  үйлдвэр шинэ технологи нэвтрүүлж байгаа тул түр хугацаанд танайд бүтээгдэхүүн өгч чадахгүй”гэжээ.  Ингээд л ямар ч өрсөлдөгчгүйгээр “Роснефть”-ийн хараанд орох нь тэр . Үүнийг сонссон  хүн  өөр хувийн компани олоод  ав гэх биз. Болно. Гэхдээ хаа байсан Уралын хязгаараас л нефьт худалдаж авах хэрэг гарна. Тээвэрлэлтийн зардлаас эхлээд үнэ нь тэнгэр лүү өгсөх эрсдэлтэй. Эцсийн мөчид та бидний машины банкинд орох үедээ хэтэвчнээс минь овоо хэдийг зулгаахдаа тулна гэдгийг бодолцох хэрэгтэй.  Шатахууны үнэ өсвөл манай зах зээл юу болдог гэдгийг надаар хэлүүлэх юун.

    Роснефть манайхны захиалгыг 50 хувиар танасан учраас энэ зарын эцэс ирэх сарын эхээр шатахууны хомсдол нүүрлэвэл яах вэ. Төр энэ эрсдэлд бэлэн үү Шатахуунаа авахын тулд Тавантолгойн тендерийг оросуудад өгөхдөө тулах уу. Энгийн атлаа стратегийн эрсдэл өндөртэй энэ тоглоомоос шоглуулчихгүй гарахын тулд Засгийн газар үнэнийг мэдэж байх ёстой. Өнгөцхөн харахад нефть импортлогч хэдхэн компанийн хэрэг мэт боловч алсуураа Монгол улсын амин чухал хэрэгцээг тэд барьцаалахаар овоо хараагаа тааруулсан байна. Өөрөөр хэлбэл, оросууд зөв гогцооноос атгажээ. Харин тэр атгасан гарыг сулруулах  арга манай Засгийн газарт бий. Учир нь бид одоохондоо эзэн. Тавантолгой бол манай баялаг шүү дээ.

Зохиогчийн эрх   "Улс төрийн тойм"

Л.Мөнхбаясгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж