
Тус зөвлөлгөөнийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам, НҮБ-ын хүн амын сан, “Нийгмийн түншлэлийн сүлжээ” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулжээ. Зөвлөлгөөнд аймгийн удирдах ажилтнууд болон бүх сумдын нийгмийн бодлого, халамж, сургууль зэрэг байгууллагын нийгмийн ажилтнуудаас гадна Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам, НҮБ-ын хүн амын сангаас мэргэжилтнүүд оролцсон байна.
“Албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн гол ажлыг нь нугалдаг мэргэжилтэн нийгмийн ажилтан байдаг. Тэр ч утгаараа нийгмийн ажилтан- Нийгмийн хөтөч байдаг учир тэдний үүрэг оролцоо чухал юм. Иргэдийн оролцоотой шударга нийгмийг бий болгоход нийгмийн ажилтнуудын үүрэг, оролцоог идэвхжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан нийгмийн ажлыг хөгжүүлэх, нийгмийн ажилтны баг бүрдүүлэн ажиллах гол зорилготой”-гоор тус зөвлөлгөөнийг зохион явуулснаа албаны хүн энэ үеэр онцолж байв.
“Нийгмийн ажлын өнөөгийн байдал, нийгмийн ажлыг хөгжүүлэх нь” сэдвээр Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Дуламсүрэн илтгэл тавьсан юм. Нийгмийн ажлын хөгжил ямар шатанд явж байгаа, цаашид хэрхэн хөгжүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар ийнхүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэснээр хэлэлцүүлэг өрнөсөн юм. Мөн гэр бүлд суурилсан нийгмийн хор уршиг, түүнийг таслан зогсооход нийгмийн ажилтны үүрэг, олон улсын туршлагын талаар НҮБ-ын ХАС-ын хөтөлбөрийн ажилтан н.Оюун илтгэл тавьсан байна. Ийнхүү холбогдох мэргэжилтнүүд нийгмийн ажлын талаар баримталж буй чиглэл, нийгмийн цогц үйлчилгээ, нийгмийн ажилтны ёс зүй гэх мэт олон талт мэдээлэл өгч, туршлага солилцжээ.