Мөнхийн хөршийг сануулах ээлжит айлчлал

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Мөнхийн хөршийг сануулах ээлжит айлчлал

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эх оронд нь мэлрэг цэцгээр гоёсон эрх чөлөөний төлөөх цуглаан “өсч өндийж” буй энэ үед Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн айлчлалын машрут Монголыг чиглэв. Тэрбээр 2007 оны зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 2-ны хооронд манай улсад айлчилсан нь Гадаад хэргийн сайдын албыг авснаас хойш хийсэн анхных нь гадаад томилолт байсан юм. Энэ үеэр тэрбээр Хятадын Засгийн газраас манайд буцалтгүй тусламж хэлбэрээр олгох 50 сая юанийн тусламжийн гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны хамтарсан археологийн судалгааны ажилд 10 сая юанийн санхүүжилт хийх хэлэлцээг баталгаажуулж байсан. Түүнчлэн урд хөршийн Гадаад хэргийн сайдын хувьд “Манай тал зах зээлийн зарчмыг баримтална” гэсэн албан ёсны байр суурь илэрхийлээд “Монгол Улстай мөнхийн хөршийн сайн харилцааг улам гүнзгийрүүлэхийг хүсч байна. Манай хоёр улсын харилцааг бүх чиглэлээр хөгжүүлэх нь хоёр улсад төдийгүй бүс нутагт тустай. Гадаад хэргийн сайдаар томилогдсоноос хойш айлчилж буй анхны гадаад орон маань Монгол Улс болж байна.

    Энэ нь Хятадын Засгийн газар, Гадаад хэргийн яам Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэхийг ач холбогдолтой хэмээн үзэж байдгийн нэг илэрхийлэл юм”  хэмээж байв. Тэгвэл энэ удаад тэрбээр дахин 50 сая юанийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурахгүй нь ойлгомжтой. Харин гол анхаарал хандуулах цэг нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г дэлхийд гаргах хөрөнгө оруулалтын банкны тендерт өрсөлдөж буй Хятадын “Bank of China” банкийг дэмжих сонирхол байж болох юм. Учир нь Хятадын талаас “Шинхуа” групп удаа дараа Тавантолгойд ажиллах сонирхлоо илэрхийлж ирсэн. Тэр болгонд Хятадын Засгийн газрын зүгээс байр суурь илэрхийлж, хоёр улсын хил хязгаарын бат хэлхээг “Мөнхийн” хэмээн тодотгож ирсэн нь бий. Түүнчлэн Ян Жэчи манай улсад айлчлахаасаа өмнө  Зимбабве, Армян, Өмнөд Солонгос, Того, Гвиней зэрэг улсад айлчилсан. Энэ бүх айлчлал байгалийн баялгийн ашиглалт, хөрөнгө оруулалтыг хөндөж байсны зэрэгцээ Хятадын гадаад харилцааг дэлхийд ардчилсан зарчимтай гэдгийг харуулах гол бэлгэ тэмдгийн үүргийг тэрбээр хүлээж ирсэн юм. Энэхүү дүгнэлтийг түүний Лондоны Эдийн засаг-улс төрийн академи, Бассын Их сургууль төгссөн намтар нь нотлохын зэрэгцээ АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яаманд хашиж байсан нарийн бичгийн дарга, Элчин сайд гэх мэт алба нь илэрхийлнэ.  Энэхүү баруунд олж авсан боловсрол мэдлэг, дипломат зан нь АНУ болон Хятадын харилцаанд үүсээд байсан хурцадмал асуудлыг намжаахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн дүгнэсэн шинжээчдийн дүгнэлт ч олонтаа байдаг. Түүнчлэн тэрбээр очсон улс орон бүртээ төдийгүй оролцсон уулзалт, хэлэлцээр болгондоо Хятадыг ардчилсан гадаад бодлоготой, зах зээлийн эдийн засгийн харилцааг хөхиүлэн дэмжигч улс орон хэмээн тайлбарлаж ирсэн байдаг. Энэ удаад ч хилийн чинадад хийж буй айлчлалаа зогсоохгүй байгаа шалтгаан нь энэ байж болох юм.

    Өнгөрсөн өдрүүдэд Хятадад өрнөсөн эрх чөлөөний төлөөх тэмцлээс үүдэн Монголд хоёр дахь удаагаа хийх айлчлал нь хойшилж мэдэх тухай таамаг өрнөж байсан. Гэвч эх орондоо болж буй үйл явдлаас үл хамааран гадаад харилцаагаар дамжуулж, улс орныхоо хил хязгааргүй эдийн засгийн хөгжлийг баталгаажуулах, ирээдүйн түншлэлийг зузаатгахын төлөө тэрбээр ийн дахин Монгол Улсад ирж байна. Иймд түүний хэлэх үг, баримтлах байр суурь нь хоёр улсын эдийн засгийн харилцааны чиглэлийг нэг зорилгод зангидаж, хил хязгаар дамнасан ашиг сонирхлын огтлолцлыг олох ерөнхий зорилго дор багцлагдаж болох юм.

    Харин энэ үед дэлхий дахинаа “Мэлрэг цэцгийн хувьсгал” хэмээн нэрлэгдэж буй Хятадын ард олны эсэргүүцлийн цуглааны талаар ганц үг ганхийхгүй нь ойлгомжтой.

    Өдгөө тус улсын 18 хотыг их бага хэмжээгээр хамарч, 100 гаруй оролцогч нь байцаалтын ширээнээ суусан “Мэлрэг цэцгийн хувьсгал” хэр хол өрнөхийг өдгөө дэлхий дахин анхааралтай харж буй. Энэ үед Хятадын  Гадаад хэргийн сайдын хувьд тэрбээр дипломат ёсыг баримталж, “Хоёр улсын хүссэн ч, эс хүссэн ч мөнхийн хөрш шиг туйлын үнэн байхгүй шүү” гэсэн бодит үнэнийг соёлтой үгээр дахин нэг сануулаад нутаг буцах нь тодорхой. Хятадын ард түмэн “Мэлрэг цэцгийн хувьсгал”-аар эрх чөлөөгөө олж болох ч Монгол Улс урд хөршөөсөө татгалзаж чадахгүй нь туйлын үнэн болохоор тэр шүү дээ.


    Г.Отгонжаргал.
    Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж