Номинжин цагаан хоолтон болохыг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Номинжин цагаан хоолтон болохыг уриалж байна

Олон улсын  залуу дуучин алдарт ододтой хамт цагаан хоол дэлгэрүүлэх хүчин зүтгэлд түрлэг нэмж байна. Улаанбаатар-Бага наснаасаа мэргэжлийн поп урлагт хөл тавьж, эдүгээ олон улсын тайзнаа ая дуугаа өргөж яваа залуу дуучин Номинжин Амьтанд Энэрэнгүй Хандахын Төлөө Хүмүүсийн Нийгэмлэг ПЕТА (PETA,Asia)- гийн сурталчилгаанд оролцлоо. “Намайг Номинжин гэдэг. Би цагаан хоолтон” гэж бичсэн зурагт хуудсан дээр нэгэн хөөрхөн хургатай хамт түүний авахуулсан зураг гарч, эрүүл энэрэнгүй хүнс-цагаан хоолны нэн чухлыг монголчууддаа сурталчилж байна.   
Одоо 21 настай Номинжин зөвхөн эх орондоо уран бүтээл хийгээд зогсохгүй, алдарт Джон Леннон, Нора Жонес, Тони Бракстон, Кайли Миноуг, Жеймс Блант зэрэг дуучидтай эн зэрэгцэн олон улсын цомгуудад оролцож байсан бөгөөд 13 насандаа цагаан хоолтон болсныгоо амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг гэж үздэг ажээ.     “Бэлчээрийн талхагдал, цөлжилтөөс болж байгаль амьтан төдийгүй ард түмний  маань уламжлалт амьдрал ахуйд ноцтой аюул заналхийлээд байна.
Монголчууд өвөг дээдсийнхээ уламжлалыг хөсөр хаяж, мах хэтрүүлэн хэрэглэж, махны хэрэглээгээр дэлхийд 11-р байранд орж байгаа нь дээрх хямралд ихээхэн нөлөөлж байна. Мөн зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраар өвчлөгсдийн нас улам залуужиж байгаа нь санаа зовохгүй байхын аргагүй асуудал мөн. Миний цагаан хоолтон болсон явдал бол энэрэн нигүүлсэх сэтгэлээ сэрээж, эрүүл мэнддээ санаа тавих, дашрамд нь нэгэнтээ үүсэн бий болсон байгаль орчны зохистой бус нөхцөл байдлыг эргүүлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болох гэсэн иргэн хүний оролдлого юм” хэмээн Номинжин өгүүлж байна.     
Номинжин 11 хэлээр дуулдаг. АНУ, Их Британи, Энэтхэг зэрэг орны дэлхийд нэртэй хөгжимчид продюсеруудтай хамтран ажиллаж, ОХУ, Мексик, Япон, Турк, Энэтхэг, Франц, АНУ зэрэг олон орноор айлчлан ая дуугаа өргөжээ. Дэлхий дахин дахь махны үйлдвэрлэлийн харгис хэрцгий мөн чанар, түүнчлэн зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, элдэв хорт хавдраар өвчлөх явдал махны хэрэглээнээс шууд хамаарч буйг бодитой ухаарснаар олон хүн цагаан хоолтон болж байна.
АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн эрдэмтэн судлаачид ердийн машинаа гибрид машинаар солихын оронд, мах голдуу хоол хүнснээс ургамал хүнсэнд шилжих нь эдүгээ манай дэлхийд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү үр нөлөөтэй гэдгийг тооцоолжээ.   2010 оны эхээр Номинжин, амьтны торон дотор авахуулсан зургаараа ангийн үсний аж ахуйн эсрэг ПЕТА (PETA)-гийн сурталчилгааг хийсэн юм. “Цагаан болон ургамал хоол нь эрүүл бөгөөд амттай, бас хямд гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Мах бол угтаа нэгэн төрлийн донтуулагч юм.
Өөрийн эрүүл мэнд, бусад амьтан, гариг дэлхийнхээ тусын тулд бидний хийж чадах хамгийн шилдэг зүйл бол цагаан хоолтон болох явдал мөн” гэж Номинжин уриалж байна.  Сэр Пол Макартни, Магги Кю,  Рассел Бранд, Алишиа Силверстоун, Тоби Магуайр зэрэг ПЕТА-тай хамтран ажиллаж, амьтны эсрэг харгислалын мөн чанарыг ухаарч, мах идэх зуршлаасаа салахад нь хүмүүсийг уриалан зоригжуулж буй олон улсын алдартнуудын байнга өсөн нэмэгдэж буй эгнээнд Номинжин ийнхүү нэгдэж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж