Хятадын Гадаад хэргийн сайд Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Хятадын Гадаад хэргийн сайд Монголд ирлээ

Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи дөнгөж сая “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн өөрийн тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байна. Хятадын Гадаад хэргийн сайдыг Монголын Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

Ноён Ян Жэчи өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зочилж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай хэлэлцээ хийх юм. Үүний дараа хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах бол орой  нь Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм байна.

Харин маргааш Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаад, өдөртөө эх орондоо буцах юм байна.  БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, ГХЯ-ны Азийн газрын дэд дарга У Зянхао, ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн газрын дэд дарга Mа Зишэн, ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дарга Чэнь Шаочунь, ГХЯ-ны Ёслолын газрын хэлтсийн дарга Жан Лу нарын хүмүүс багтжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи нь

  •     1950 оны тавдугаар сард төрсөн. Шанхай хотын уугуул. Дээд боловсролтой.
  •     1973-1975 онд ИБУИНВУ-ын Лондонгийн Эдийн засаг-улс төрийн академи, Бассын Их сургуульд суралцсан.
  •     1975-1983 онд БНХАУ-ын ГХЯ-ны Орчуулгын албанд атташе, хоёрдугаар нарийн бичгийн дарга.
  •     1983-1987 онд БНХАУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-нд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх
  •     1987-1990 онд ГХЯ-ны Орчуулгын албанд зөвлөх бөгөөд хэлтсийн дарга
  •    1990-1993 онд  ГХЯ-ны Америк, ИБУИНВУ-ын газарт хэлтсийн дарга, газрын орлогч
  •     1993-1995 онд БНХАУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-нд элчин
  •     1995-1998 онд Гадаад хэргийн сайдын туслах
  •     1998-2001 онд Гадаад хэргийн дэд сайд
  •     2001-2005 онд БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд
  •     2005-2007 онд Гадаад хэргийн дэд сайд
  •    2007 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна.
  •     2007 онд Гадаад хэргийн сайд болсныхоо дарааханМонгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан хүн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж