Хөдөлмөр эрхлэлтийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар яг одоо Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Эл төслийг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, дээрх хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт нараас тайлбар авлаа. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг боловсронгуй болгох хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллаж,  санал дүгнэлтээ байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэгт хүргүүлсэн байсан ч,  тэдгээр нь  тусгалаа олоогүй байсан аж. Тиймээс тодорхой саналуудыг тусгах хүсэлт тавин, эл төсөл дээр  Ардчилсан намын бүлэг завсарлага авсан байсан юм. Хоёр дахь асуудлын тухайд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж эхлээгүй байхад нийслэлийн бүх дүүрэгт шинээр бүтэц байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон тул түүнийгээ засах шаардлагатай” хэмээн үзжээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тайлбарласнаар  дээрх төсөлд Ардчилсан намын бүлгээс гаргасан саналыг тусгасан байна. Үүнийгээ ч бүлэгт албан ёсоор мэдэгдсэн. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хувьд “Хууль зөрчсөн явдал байхгүй.  Орон тоо, бүтэц бүрэлдэхүүн, цалингийн сангийнхаа хүрээнд дүүргүүдэд шинээр алба  байгуулсан байсан. Гэхдээ С.Эрдэнэ гишүүнээс тавьсан шаардлагын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт үүрэг өгөн, ажлыг зогсоосон” гэсэн хариулт өглөө.

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хуулиас дээгүүр давсан эрх мэдэлтэй Засгийн газрын сайд нар хэрвээ асуудлыг ингэж тайлбарлаж байгаа бол албан тушаалтай нь ярьж болно. Ер нь Засгийн газрын гишүүд дураараа авирлаж байгаа шүү” гэсэн юм. 

Хуралдаан үргэлжилж байна. Уг нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагт зарлагдсан ч, намуудын дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулах үйл ажиллагаанаас болж, хойшилж, үдийн 13.00 цагт эхэлсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж