О.Магнай нарын хэргийг сэргээж болно

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

О.Магнай нарын хэргийг сэргээж болно

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр бэртэж гэмтсэн албан хаагчдын төлөөлөл тухайн үед  үймээнийг зохион байгуулсан хэрэгт сэжигтнээр татагдаж байсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын талаар нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн талаар мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал тэдэнд холбогдох  хэргийг сэргээн шалгаж,  гэмтэж бэртсэн цагдаагийн албан хаагчдын эмчилгээний болон бусад зардлыг гаргуулах хүсэлт  тавьсан байна. Уг мэдээллийг   нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн  байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Т.Жадамбаас тодрууллаа.

-2008 оны үймээнийг зохион байгуулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж байсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарын хэргийг сэргээн шалгах тухай хүсэлтийг цагдаагийн албан хаагчдаас  танайд хүргүүлсэн гэсэн мэдээлэл үнэн үү?

-Өнөөдрийг байдлаар манай нийслэлийн Прокурорын газрын  Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст Б.Жаргалсайхан нарын хэргийг сэргээн шалгах хүсэлтийг цагдаагийн албан хаагчдаас ирүүлээгүй байна.

-Огт хүсэлт гаргаагүй гэсэн үг үү?

-Өргөдөл, хүсэлт хүлээн авах тусдаа алба  бий. Тэр албанд  хүсэлт хүргүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

-Цагдаагийн албан хаагчдын хүсэлтийн хариуг хэдэн өдрийн дотор өгөх вэ?

-Өргөдөл гомдлын хариуг 21 хоногт, хүсэлтийн хариултыг ажлын тав хоногийн дотор өгөх ёстой юм.

-Цагдаагийн албан хаагчдын төлөөллийн танайд хүргүүлсэн дээрх хүсэлт үндэслэлтэй гэж үзвэл  Б.Жаргалсайхан, О.Магнай нарын хэргийг сэргээх үү?

-Үндэслэлтэй гэж үзвэл сэргээн шалгаж болно

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж