”Дайн”-д монголчууд ялах уу, Хятадууд уу

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

”Дайн”-д монголчууд ялах уу, Хятадууд уу

Малчдын түрүүч  ямаагаа самнаад эхэлжээ. Хаврын хахир цагт хэдэн төгрөг олдог ганц бизнес нь  болохоор арга ч үгүй биз. Олсон хэдэн төг­рөгөөрөө  оюутан хүүх­дийнхээ сургалтын төлбөрийг төлнө, өрөө дарна, ногоо цагаа дэлгэрч мал таргалж, сүү цагаан идээ гартал амьдралаа залгуулдаг юм. Ноолуурын үнэ ханш овоо өсчихжээ. Хэдхэн хоногийн өмнө 55 мянга байсан бол өчигдрийн байдлаар 75 мянгад хүрчээ. Мөнгөний ханш  чамгүй уначихсан ч гэсэн муугүй ханш. Өнгөрсөн оны эцсийн тооллогоор Монгол Улс 13 сая гаруй ямаатай гэсэн тоо гарсан билээ. Урьд жил нь бараг 20 сая байсан л даа. Тэр жилийн өвөл, хаврын зудад зургаан сая гаруйг нь нүд аниулсан гэсэн үг. Ямаа цас зудад тэсвэр муутай мал гэдгийг малчид маань ойлгохын дээдээр ойлгожээ.  Хөөрхий муу ямааг хүйтэн хошуутай, хонь дагуулж гүйдэг, бэлчээр сүйтгэдэг гээд элдвээр  муулах нь бий. Тийм л биз. Гэхдээ Монголын мал аж ахуйн салбарт хамгийн их орлого оруулдаг гавьяатай амьтан. Ноолуур гэж алт, зэснээс дутахааргүй  “ногоон” мөнгө олдог  хүйтэн хошуут юм, тэр. Өнгөрсөн жил 20 сая ямаатай байхдаа 7000 тонн ноолуур бэлтгэсэн. Энэ жил 4000 орчим тонныг бэлтгэх болов уу. Ноолуур бэлтгэх үеэр хятад, монгол наймаачдын хооронд бараг л “дайн” болдог юм даа. Энэ “дайн”-аас болж амь насаа алдсан, бэртэж гэмтсэн, эд материал, сэтгэл санаагаар хохирсон хүн цөөнгүй байдаг юм билээ. Өнөө ноолуураа булаацалдахыг наймаачид “дайн” гэж нэрлэдэг аж. Энэ жилийн “дайн” бүр халуун болно гэлцэнэ. Учир гэвэл, бэлтгэх ноолуур ноднингийнхоос бараг хоёр дахин бага. Ховор юмны эрэлт нэмэгдэнэ, үнэ ханш дагаад өснө. Энэ бол хэнээс ч шалтгаалахгүй. Эдийн засгийн далд гар зохицуулчихдаг юм.

Өнөө Шадав нь авна уу, Готов нь авна уу гэдэг шиг малчдад хятад нь байна уу, монгол нь байна уу ер хамаагүй. Хэн арай ахиу  үнэ хэлсэнд нь л жаахан ноолуураа өгчихнө. Хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа хэдэн муу малчнаа “Эх оронч  үзэлгүй хөгийн  нөхөр хужаа нарт  ноолуураа өгчихлөө”  энэ тэр гэж ад шоо  үзмээргүй. Ер нь бараа бүтээгдэхүүнээ зарж байгаа хэн ч гэсэн усан тэнэг  л биш бол  ахиу үнэ  амласанд нь өгч таарна. Үүнийг буруутгах нь утгагүй. Тэгэхээр энэ жил хятад, монгол хоёр наймаачны халаасандаа илүү мөнгөтэй нь л Монголын жаахан ноолуурыг авч таарна. Засгийн газар энэ байдлыг мэдээд 100 тэрбум төгрөг үндэсний үйлдвэрлэгчдэдээ урьдчилан олгож,  дэмжлэг үзүүлэхээр болсон нь сайн хэрэг.  Гэхдээ Хятадын төр, засаг бүр тэрбум, тэрбум юань гаргадаг  гэдгийг мартаж болохгүй. Хятад бол эдийн засгийнхаа хүчин чадлаар АНУ-ын дараа ордог хүчирхэг гүрэн. Тэгэхээр хуруун чинээ могойн зулзага хурмастын луутай үзэлцээд дийлнэ гэдэг их хэцүү. Гэхдээ үзэлцэхээс өөр аргагүй. Ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг хэдэн аж ахуйн нэгжийнхэн  саяхан цуглаж, “Монгол ноолуур нэгдэл” консорциум байгуулжээ. Үүнд “Говь”, “Гоёо”, “Ээрмэл”, “Буян”,”Алтай кашемир”, ”Монфорте”, “Сор кашемир” зэрэг Монголдоо тэргүүлэх компаниуд багтжээ. Эдний санаачилгыг төр засаг ч,  малчид ч дэмжээсэй билээ. Энэ консорциумынхан удахгүй хувьцаа гаргах юм гэсэн. Энэ  нь  багахан ноолуураа  харийнханд алдчихалгүй шиг олж авахад  тус дэм болох нь дамжиггүй.  Засгийн газар  өнгөрсөн лхагва гарагт болсон хуралдаанаасаа өнөөх 100 тэрбум төгрөгийн бонд гаргах талаар шийдвэр гаргалаа. Энэ санхүүжилтээр 2000 орчим тонн ноолуур худалдан авах боломжтой аж. Цаана  нь  бас энэ хэмжээний ноолуур үлдэж байдаг. Түүнийг хэнийг  аваг  гэж байгаа юм бэ, хятадууд  гэж байгаа юм уу. Хэрвээ өмнөд хөршийн Засгийн газар өмнөх жилүүдийнх шигээ ноолуурын наймаачдынхаа халаасыг мөнгөөр дүүргээд нааш нь илгээвэл  манайхан 2000-аа ч олж авч чадахгүй. Хэргийн учир  үүнд л байгаа юм. Уг нь самнасан бүх ноолуураа монголчууд худалдаад авчихвал Монгол Улсын “ногоон” мөнгө өчнөөн саяар нэмэгдэн үндэсний үйлдвэрлэл хөгжиж, малчид ч гар дээрээ хэдэн “бор юм”-тай болохсон. Даанч тэгж чадах болов уу. Бий болоод байгаа нөхцөл байдал үүнд “Юу л бол доо”  гэсэн товчхон хариу өгч байна. Төр,засгийн удирдлага орон нутагт явахдаа, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа “Ээ дээ та минь,  ноолуураа монгол наймаачдадаа л өгч үзээрэй” гэж чин сэтгэлээсээ гуймаар байна шүү дээ. Тэгж гэмээнэ энэ “дайн”-д ялгуусан ялалт байгуулдаггүй юм гэхэд  арай ч цагаан тугаа өргөөд буугаад өгчихгүй байлгүй дээ.

Б.БАТБИЛИГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж