Амбицтай гишүүддээ алганы амт үзүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Амбицтай гишүүддээ алганы амт үзүүлээрэй

УИХ-ын зарим гишүүн уржигдар учиргүй их уурлаж гэнэ. Тэгмэгцээ танхимын хаалгыг тас саван гарав шүү. Амбиц, алиа марзан улстөржилтдөө “галзуурсан” тэд “Эмнэлэг барих хэрэггүй” гэв. Зарим нь бүр “Ингэж хуульчлах ёсгүй” хэмээн мэдэмхийрэв. Ойлгосонгүй. Улстөрчид угтаа Үндсэн хуульд “Иргэн бүр эрүүл амьдрах эрхтэй” гэж тусгасан биш билүү. Яг одоо… Тийм ээ, яг одоо Мон­голд эрх мэдэлтнүүд олширч, эмнэлэг цөөдчихөөд байна. Эрх мэдэлтнүүдийн “Арын хаалга”-аар ард түмэн шагайх ч эрхгүй байна. Эрхэм гишүүд та бүхний үйлчлүүлдэг БНСУ-ын эмнэлэгт эмчилгээ, онош­логоо хийлгэхэд энгийн ардын хүчин мөхөсдөж байна. Ингэлээ гээд яах вэ. Ард түмэн бухимдсандаа Төрийн ордны хаалгыг савж гарах уу.    Чадахгүй. Тэд та бүхнийг төрд төлөөллөөрөө сонгосон атлаа барааг чинь ч харах эрхгүй болдог бус уу. Улстөрчидтэй барьцах бас нэгэн шалтгаан бий. Эрхэм ги­шүүд тэрбум, тэрбум төгрөгийг “Тойрогт” гэх нэрийдлээр өөрсдөдөө хуваарилуулсан нь худал биш үнэн. Тансаг сайхан Төрийн ордонтой болох гэж Кувейт улсаас 10 гаруй сая ам.долларын тусламж авсан нь ч саяхны явдал. Гэлээ гээд энгийн ардууд тэдэнтэй барьцсангүй. “Эрхэм гишүүд маань ийм л газар ажиллах ёстой юм байлгүй” гэж ууч сэтгэлээр хандсан удаатай. Харин “Би траншейнд амьдарч, талхны булангаар гол зогоож байхад намайг төрд төлөөлөх учиртай та ингэж авирлалаа” гэж ганц ч үг унагаагүй юм шүү. Гэвч одоо шаардах цаг нь ирсэн. Сонгуулиар “Иргэн таны төлөө…” хэмээн амласан бүхнийг нь нэхэх болсон. “Энгийн ардуудад эмнэлэг хэрэггүй бол улстөрчид та бүхэнд тансаг ордон хэрэггүй” гэж барьцсан ч болно. 

Эрхэм гишүүд ээ, амбицаа ца­ламдвал яасан юм бэ. Та бүхэн “Монголд орчин үеийн техник, технологи бүхий хэдэн эмнэлэг бий билээ” гэж тоолоод үзээрэй. Клиникийн I эмнэлэг, Эх, нялхсын эрдэм шинжилгээний төв, нэгдүгээр төрөх, Сайд нарын II эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэг… Үүнээс цааш тоолох эмнэлэг байна уу. Бараг байхгүй дээ. Хот, хөдөөгийнхөн хол, ойроос зардал чирэгдэл болон эдгээр эмнэлэгт л ханддаг. “Арай найдвартай нь” гэж итгэдэг. Түүнээс биш дор бүрнээ нэг, нэг сувилагч, асрагчтай дориухан люкс өрөөнд ямбалах гэж тэд хаа холоос өр шир тавин ирцгээдэг гэж үү. Ирмэгц нь шуурхай үйлчилж, эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол тэр дор нь асуудлыг шийдэх чадвартай билүү. Үгүй биз дээ.

Өвчиндөө шаналж, үхэх, сэхэхийн дэнсэн дээр байгаа хүмүүст “Ор байхгүй ээ” гэж хэлээд буцаадаг нь үнэн байх аа.

Эрхэм гишүүд та бүхэн хүс­вэл “хөрсөн дээр” үтэр түргэн бууж, Клиникийн I эмнэлгээр ороод гараарай. Энгийн ардын дүрээр үйлчлүүлэх гээд үзээрэй. Тэгмэгцээ эмч, сувилагчийг хэдэн цаг царайчилж, дараалал хүлээн хэр удаан зогсохоо тооцоолоорой. Ийм “туршилт” хийхийг хүсвэл даралтны эмээ авахад ч гэмгүй. Урт дараалалд удаан зогсохын зовлонг мэдрээгүй учраас бие тань хямарч мэднэ. Харин дараа нь эмчид биеэ үзүүлж “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэсэн юм” гэж хэлээд үзээрэй. Амаа алгадуулна л гэсэн үг. “Та эдгээр картыг хар даа. Бүгд л хүнд өвчтэй хүмүүс. Тэдний дараа л таныг хэвтүүлж болох юм. Утасныхаа дугаарыг үлдээчих. Ор суларвал утасдана аа” л гэх үг сонсоно. Ийм үг сонсч, эмчид биеэ чагнуулаад авбал энэ өдөр өөрийгөө “Их азтай байна” гэж бодохоо мартав аа. Сонгогчдод тань үүнээс ч хэцүү зүйл тохиолддог юм. Тэд бэл бэнчингээр дутмаг. Тиймээс эмч нарын хүнд сурталтай нүүр тулдаг. Эмч ч гэлтгүй эмнэлгийн хаалгаар шагаймагц үйлчлэгч эмэгтэйн харцаар хөдөлж, царайчилна. Цаг, мөнгөө гарздан байж, эмчид үзүүлдэг ч тэдэнд хэвтэж эмчлүүлэх сул өрөө олддоггүй. Өвчин шаналалдаа зовиурлан буй энгийн ард эмчтэй, бас эмнэлэгт ойр байхын тулд “Хонгилд тань ч болтугай хэвтье” хэмээн хэн нэгний халаасанд талхны мөнгөө хийдэг.  
 
Гэвч эрхэм гишүүн таны бие чилээрхээд байвал яах вэ. Энэ асуултыг УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцанд тавимаар байна. Амбиц, ааш хоёр нь хэтэрсэн гишүүдээсээ болж, эмнэлгийн бараа харж чадахгүй баларвал та яах вэ. Танай бүлгийн гишүүд “Эмнэлэг шинээр байгуулах хэрэггүй” гэлээ. Харин танд хэрэгтэй юү. Эрхэм гишүүдээсээ “Гэр бүл болон тойргийнхонд тань эмнэлгийн тусламж хэрэгтэй юү, аль эсвэл үгүй юү” гэж и-мэйлээр ч болтугай асуугаарай. Тэр далимдаа “Тойрогтоо эмнэлэг барина гэж төсөвт мөнгө тусгуулсан. Түүнийгээ барьсан уу” гээд бүлгийн даргын зангаргаар амыг нь асуувал яасан юм бэ. “Эрүүл мэндийн салбарыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Тус салбарыг орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангая” гэж популизм хийдэг улстөрчдөдөө алганы амт үзүүлээрэй. Учир нь тэд амласандаа хүрдэггүй. “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй” гэмэгц “Үгүй” гэж даварч байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон уржигдар Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах асуудлаар мэтгэлцлээ. Бас муудалцлаа. Тэгмэгц зарим гишүүн тавьсан саналаа delete-лчихлээ. Эцсийн дүнд их сургуулиа дөнгөж төгссөн залууст ажлын байртай болох хувь дутав. Орчин үеийн технологи бүхий өөр нэгэн эмнэлгийг бараадах энгийн ардуудын аз харив. Тиймээс нэг хэсэг нь ажил, нөгөө хэсэг нь ор хайсан хэвээр байх нь. Гэвч эрхэм гишүүдийг өрнө, дорнын өртөг өндөртэй эмнэлгүүдэд бэл бэнчингээрээ өрсөлдөн оношлуулах зуур нэгэн эх “Миний хүү хүнд өвчин тусчихлаа. Хандив өргөнө үү” хэмээн хэнийг ч юм царайчилна. Мэдээж хэрэг, түүнд улстөрчид биш, ядарч, өвдөхийн зовлонг амссан ард олон л тусламжийн гараа сунгана шүү дээ.      

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж