Эсмеральдагийн дүр том шалгалт байсан

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Эсмеральдагийн дүр том шалгалт байсан

Өдрийн мэнд. Удахгүй нээлтээ хийх “Шөнө дундын бүжиг” жүжгийн талаар яриагаа эхэлье гэж бодлоо.

За
тэгье. Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Хувьсал
продакшн 10 жилийн ойгоо тохиолдуулан “Шөнө дундын бүжиг” жүжгээ дахин
тоглохоор бэлтгэл ажил 100 хувь хангагдаад байна. Жүжгийн хувьд урьд нь
тоглогдож байсан тэр үеийн  нийгэм одоогын нийгэм хоёрын хооронд эрс тэс
ялгаатай болсон учраас илүү хөгжимлөг, бүжигтэй эрч хүчтэй, өнгөлөг
шинэлэг хэв маягийг тодорхойлохуйц уран бүтээл болно гэдэгт итгэлтэй
байна. Урьд нь уг жүжигт Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ У.Уранчимэг,
СТА Ж.Оюундарь, СТА Г.Эрдэнэбилиг, СТА Н.Ялалт нар тоглож байсан бол
одоо хувьсал продакшны залуу жүжигчид болон Драмын  театрын жүжигчин СТА
С.Болд-Эрдэнэ бид хоёр урилгаар тоглож байгаа. Миний хувьд анх уран
бүтээлийнхээ гарааг Хувьсал продакшны бүтээл “Чамайгаа алдмааргүй байна”
жүжгийн Сэцэнгийн дүрээр эхэлж үзэгчидтэйгээ уулзаж байсан.  Одоо 10
жилийнхээ ойг тохиолдуулан тавигдаж байгаа “Шөнө дундын бүжиг” жүжигт
гол дүрийн Шубира хэмээх бүжигчин бүсгүйн дүрд тоглож байгаа.

Анх
Хувьсал продакшнд ангийнхантайгаа хамт орж байсан бол одоо Хувьсалд
харьцангуй залуу гэж болохоор жүжигчид байна. Хамтарч ажиллахад хүндрэл
гарч байна уу?

-Ер нь Хувьсал продакшнд ихэвчлэн залуу уран бүтээлчид байдаг. Өмнө нь
яг үе тэнгийн тэр тусмаа ангийнхантайгаа хамт байхад сайхан байсан.
Харин дараа нь Театрт орсоноор дандаа өөрөөсөө ах эгч, ахимаг насны уран
бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан. Энэ жүжигт хамтран тоглож байгаа
портнёр маань надаас  дүү. Анх уншлага хийхэд, дүрээ бодоход би хажууд
нь эгч харагдаад байгаа ч юм шиг,  миний хажууд дүү харагдаад байгаа ч
юм шиг сэтгэлд нэг л бууж өгөхгүй байсан. Гэхдээ, өглөөнөөс орой хүртэл
нэг дор, хамт бэлтгэл хийнэ, хамт хооллоно гээд л үргэлж хамт байгаад
байхаар нөгөө сэтгэлд буухгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан зүйлүүд
маань хүлээн зөвшөөрөгдөж эхэлдэг юм байна. Ер нь өөрөөсөө дүү хүмүүстэй
хамтарч ажиллана гэдэг эрч хүчтэй, сайхан байна.

Анх
хувьсал продакшнаас гарахад чинь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр
жүжигчин Г.Отгонцэцэг “Хувьсал”-ыг голлоо, чамлалаа гээд зөндөө л
мэдээлэл гарч байсан. Одоо эргээд хамтарч ажиллаж байгааг ч мөн адил янз
янзаар л ярьж байна. Энэ тал дээр таны бодол?

-Би Хувьсал продакшныг голсондоо гарсан юм биш. Гологдоод ч гарсан юм
биш. Хүн амьдралынхаа замыг өөрөө сонгодог учраас би өөрийнхөө сонголтыг
хийсэн. Амьдрал баян гэж би хэлэх дуртай. Хүн ажилд орж л байдаг гарч л
байдаг. Энэ тийм сонин зүйл биш шүү дээ. Анх Г.Цоггэрэл ах “Хувьсал
продакшн 10 жилийнхээ ойг тохиолдуулан Шөнө дундын бүжиг жүжгээ тавих
гэж байна. Чи Урнаа эгчийнхээ тоглож байсан Шубира гэдэг гол дүрийн
эмэгтэйн дүрд тоглоочээ” гэж санал тавьсан. Би түүнийг дуртай хүлээж
авсан. Хамгийн гол нь сайн уран бүтээлийн төлөө уран бүтээлч хүн
хөдөлмөрлөх л хэрэгтэй. Бид ч гэсэн сайн уран бүтээлийн төлөө хамтарч
ажиллаж байгаа

Энэ
жүжигт өмнө нь МУГЖ У.Уранчимэг тоглож байсан. Өөр уран бүтээл дээр та
хоёр хамтарч ажиллаж байсан болохоор хэн хэнийхээ ур чадварыг мэднэ.
Таны хувьд У.Уранчимэгийн хүнд хүргэсэн дүрийг дахин хүмүүст хүргэхэд
бэрхшээлтэй санагдаж байгаа юм байв уу?

-Тийм бэрхшээл гээд байхаар юм байхгүй. Энэ жүжиг бол тухайн үедээ
хүмүүст үнэхээр хүрсэн. У.Уранчимэг эгч энэ дүрээрээ “Гэгээн Муза”-гаас
анхны “шилдэг гол дүр”-ийн шагналаа хүртсэн. Мөн тэр үеийн нийгэм, одоо
үеийн нийгэм шал өөр болсон байгаа. Тийм ч учраас шинэчилж байгаа. Энэ
жүжиг тухайн үеийн нийгэмд ямар санааг хэлж байсан юм, одоогийн нийгэмд
ямар санаа хэлэх вэ, мөн тоглож байгаа жүжигчид уран бүтээлчид нь өөр,
найруулагч нь өөр болохоор нэг жүжгийн зохиолыг яаж ч өөрчилж, шинэчилж
болдог юмаа гэдгийг л харуулах юм л даа. Тухайн уран бүтээлч дүрээ аль
өнцөгөөс нь харж байгаагаас хамаараад үзэгчдэд өөр өөрөөр л хүрнэ.
“Парисын дарь эхийн сүм” дээр ч гэсэн яг л адилхан нэг зохиол, бүх л
текст болон жүжигт болж байгаа үйл явдал нь адилхан хэрнээ хоёр “застав”
хоёр өөрөөр л хүмүүст хүрсэн. Урнаа эгч бид хоёрын хувьд өөр өөр авир
араншинтай, өөр ертөнцтэй хүмүүс учраас би Урнаа эгчийг дуурайж биш
өөрийнхөөрөө энэхүү дүрийг гаргахыг хичээж байгаа. Ямартаа ч өмнө нь энэ
жүжгийг үзсэн маш олон хүн байгаа. Одоо бидний тоглолтыг харьцуулж үзэх
байх л даа.

МУГЖ
У.Урнаа, Г.Отгонцэцэг хоёр нэг дүрд хуваарилагдаад байгаа нь тохиолдол
уу? Эсвэл та хоёрт мэргэжлийн  талаас ижил төстэй зүйлүүд байна уу? Таны
бодол?

-МУГЖ У.Урнаа эгч бол маш хөдөлмөрч, дайчин, туршлагатай чадалтай
жүжигчин. Миний хувьд би залуу хүн учраас уран бүтээл хийх бүртээ, алхам
тутамдаа суралцаж явна.  Мөн дорвитойхон уран бүтээлээр урын сангаа
баяжуулахыг зорьдог. Найруулагч хүн жүжгийнхээ зохиолыг хараад энэ
дүрийг тэр гаргаж чадна гэсэн үүднээс жүжигчнээ сонгодог болохоос,
жүжигчин хүн хэзээ ч энэ дүрд би тоглоно гэж сонгодоггүй. Тийм болохоор
энэ найруулагчийн л сонголт.

Таны хувьд нэлээд хэдэн кинонд дүр бүтээсэн. Дэлгэцийн бүтээл, тайзны уран бүтээл хоёр хэр ялгаатай вэ?

-Асар их ялгаатай. Дэлгэцийн уран бүтээл бол бодит зүйлийг шаарддаг.
Харин тайзны бүтээл бол хувь уран бүтээлчээс маш их ур чадвар,
хариуцлага, маш нарийн мэдрэмж шаарддаг. Бүр “уран уран бас дахин уран”
гэдэг зүйлийг нэхдэг. Мөн илүү хэтрүүлэгтэй, далайцтай зүйлийг харуулах
ёстой байдаг учраас тайз бол илүү хэцүү.

Драмын
театрын “босго өндөр” гэдэг. Таны хувьд харьцангуй богино хугацаанд
Драмын театрын үндсэн жүжигчин болсон гэж хүмүүс ярьдаг. Та ямар
шалгуураар орсон бэ?

Драмын
театрт ороход мэдээж шалгалт авдаг. Миний хувьд өгөх ёстой бүх
шалгалтаа өгч, дагалдан хийх ёстой хугацаандаа дагалдаж, тэр хугацаагаа
дуусмагц дахин шалгалт өгч байж “жинхэлсэн”. “Парисын дарь эхийн
сүм”-ийн Эсмиральдагийн дүр бол драмын театр надаас авсан том шалгалт
байсан. Энэ шалгалтаа би сайн өгсөн болохоор театрт орсон гэж бодож
байгаа. Үргэлжлэлийн энд дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж