Х-ТҮЦ хамтлаг телевизүүдийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Х-ТҮЦ хамтлаг телевизүүдийг шүүмжлэв

Наадмыг санахгүй байна, харин шинэ жил, цагаан сарын өдрүүдэд телевиз сахихад хамгийн сайхан зугаа бол Х-ТҮЦ-ийн ээлжит хошин шог байдаг. Энэ цагаан сараар TV9 телевиз “Эгч дүүс” нэртэй шинэ хөтөлбөрийг үзүүллээ. “Гарын таван хуруу”-наас ч олон дүүтэй эгчийн (И.Одончимэг тогложээ) гэрт болсон  явдал.  Бүтэлтэй бүтэлгүй дүү нар нь цувран ирж мөнгө төгрөг нэхэн эрхэлж байтал бас нэг дүү нь цэцгийн баглаа тэвэрч телевизийн сурвалжлагч, зураглаач хоёрыг дагуулан орж ирлээ. ”Баярлалаа” нэвтрүүлгийнхэн   гудамжинд тааралдаж цэцэг гардуулаад дагаж ирсэн гэнэ. Хэн нэгний хамт ойр дотнын хүн дээр нь гэнэтхэн очиж сюрприз барилцан баяр талархлын үгс, дуслах нулимсыг харуулдаг ийм нэвтрүүлэг UBS, C1 зэрэг хэдэн телевизэд байдаг санагдана.

Камер ажиллаж эгчийн тухай дуу эгшиглэж Аглуу дүү тэргүүлэн баахан хөгжөөсний эцэст сурвалжлагч залуу “Гоё болж байна. 15-20 минутийн нэвтрүүлэг бараг болчихно. За тэгээд тооцогоо хийгээд дуусгая даа” гэлээ. Цаашаа өрнөсөн яриа:

– Төлбөртэй нэвтрүүлэг юм уу?

– Төлбөргүй юм гэж хаана байсан юм. Зах зээлд бүх юм төлбөртэй болсоон, миний дүү. 80 мянган төгрөг болно. Наад цэцгийг чинь 35 мянгаар авсан, та нар яахав 30 мянган төгрөг бодоод өгчих…

– Надад та нар өөрсдөө цэцэг…

– Бид ийм нэвтрүүлэг хийж мөнгө олдог юм ш дээ.

– Төлбөртэй гэж хэлэхгүй яасан юм бэ? Тэвэл би оролгүй л байх байсан  шдээ…

– Ямар сонин юм бэ? Мөнгө төгрөгийг асуухад яасан юм бэ?

Сайхан сэтгэлтэй Одончимэг эгч “Яахав яахав. Зөндөө гоё юм боллоо. Эгчийнхээ цүнхийг аваад ир. Өгнө өгнө” гэсээр мөнгийг нь төллөө. Яриа цааш хэсэг үргэлжлэв.

– Хэзээ гарах юм бэ?

– Танайх кабельтай юу? Кабельтай бол юу яачих за юу… Цагаан сарын үеэр л гарах байх. Цагаан сараар та кабелиа солиод л үзээд бай. Бид хоёр монтажлах студээ олчих юм бол аль нэг телевизээр гаргачихна, за юу.

– Гарах юм уу?

– Гарнаа гарна. Та бүр гоё гарна.

– Ямар сувгаар гарах юм бэ?

– Аль нэг сувгаар нь гарна аа. Та сувгаа солиод л үзээд бай за юу…  

Ингэж санаандгүй X-ТҮЦ-ийнхэн манай телевизүүдийн нэг нууцыг задалчихав. Телевизэд ажилладагүй, студи ч байхгүй хоёр нөхөр мөнгө олж байгаагаар дүрсэлсэн ч жинхэнэ амьдрал дээр том телевизүүд өөрсдөө яг ингэж мөнгөөр баярлуулдаг билээ.  Бүр албан ёсны тарифтай.

Монголын хошин шогийн №1  хамтлаг болох Х-ТҮЦ цаашид энэ мэтээр ахиухан “улс төржөөсэй”.  Хөгжилтэй, будлиу, согтуу, хазгар, тэнэг, ховдог, гэнэн, сагсуу жирийн монгол хүнийг бусад хамтлагуудын хамт заримдаа хүйсээ хүртэл сольж байгаад олон жил даапааллаа. Хөгжилтэй сайхан байлаа. Хэдэн сарын турш тоглоход Соёлын төв өргөө, МҮЭ-ийн Соёлын төв ордон зэрэг дүүрдэг урлаг болгож чадлаа. Харин одоо худлаа ярьдаг, хоосон амалдаг, шоуддаг (Байнгын хороодын хуралдааныг санацгаая!) улс төрчид, сайд дарга нарын ээлж болсон баймаар.

Магадгүй хошин урлагийн жанрын хууль сэтгүүл зүйнхээс өөр байх. Гэхдээ л …

http://ajiglagch.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж