
Ээрүүлд хатгуулж гүн нойрондоо автсан үзэсгэлэнт Аврора гүнжийг энэ сарын 10-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид сэрээх гэж байна. “Нойрссон гүнж” балет тэртээ 1890 оны нэгдүгээр сарын 14-нд тухайн үеийн Хаант Орос улсын өнөөдрийн Санкт-Петербург хотын Марийнскийн театрт амилж байсан түүхтэй. Зуун дамжин дэлхийн сонгодог урлагийн тайзыг чимсэн П.И.Чайковский агуу бүтээлээ 1889 оны намар бичиж дуусгасан байна. Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский энэхүү алдарт балетаа Францын нэрт зохиолч Шарль Перрогийн “Нойрсч буй гоо үзэсгэлэн” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Энэ балет нь П.И.Чайковскийн хамгийн урт бүтээл бөгөөд бүрэн хэмжээгээрээ дөрвөн цаг гаруй үргэлжилдэг байна. Суут хөгжмийн зохиолчийн энэхүү гайхалтай бүтээлийг анх Монголд 1990 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт амилуулж байсан бөгөөд өнгөрсөн онд урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”-ийн санхүүжилтээр сэргээн тоглосон.
Ирэх ням гаригт тоглох “Нойрссон гүнж” балетын Аврора гүнжийн дүрд Г.Батчимэг, Дезире ханхүүд О.Ганцоож, хорон санаат Карабост Х.Мөнгөнхөлөг, Сирени дагинад Б.Саруул, дагинасууд Б.Саруул, Ц.Жаргалан СТА, Г.Цолмон СТА, Ц.Хонгорзул,Б.Алтаннамар, дөрвөн Жононд Н.Чинзориг, Б.Пүрэв-Очир, Э.Эрдэнэжаргал, Ц.Төмөрсүх, дөрвөн жижиг Фрелинд Г.Цолмон, Ц.Хонгорзул, Б.Алтаннамар, Г.Долгормаа, дөрвөн том Фрелинд Ц.Жаргалан, Б.Туул, Э.Долгормаа, Ж.Ханбулнай, Эрдэнэсийн чулуунууд Ц.Хонгорзул, Б.Саруул, Ж.Ханбулнай, У.Анужин, Г.Цолмон, муур /эр/ Н.Чинзориг, муур /эм/ Б.Алтаннамар, хөх шувуу Г.Цолмон, Б.Пүрэв-Очир, улаан малгайт Э.Ууганцэцэг, чоно Э.Бэхтулга, хаанд Х.Чойжилсүрэн, хатанд Ш.Оюунтуяа нар тус тус тоглох нь. Харин симфони найрал хөгжмийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдах юм.
М.Дөл