П.Лхамдэгд Ази тивийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

П.Лхамдэгд Ази тивийн аварга боллоо

Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-7-ны хооронд болж, жин, жингийн тивийн аваргууд тодорлоо. Энэ жи­лийн тивийн аваргад Монгол Улс эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ зодоглож, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хү­рэл медаль хүртсэн амжилттай. Улсын аваргын түрүү бөхчүүдээс бүрд­сэн үндэсний шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд аваргын алтан медаль, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 66 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Бундмаа нар мөн­гөн медаль, Монгол Улсын Хөдөл­мөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр /-100 кг/, Гавьяат тамирчин Д.Цэрэнханд /+78 кг/, ОУХМ Ц.Мөнхзаяа /63 кг/, ОУХМ Ц.Наранжаргал /70 кг/ нар хүрэл медалийн эзэн болсон юм. Ингэснээр Монголын цагаан өмсгөлтнүүд ба­гийн ам­жилтаар дөрөвдүгээр байрт би­чигджээ. Харин БНСУ-ын баг та­ван алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Япон /таван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл/ болон Узбекистаны баг /хоёр алт, гурван хүрэл/ удаалсан байна.
Олимпийн өмнөх жилийг гайхал­тай амжилтаар эхлүүлж, “Дэлхийн цом”, “Гран-при” гээд Европын цуврал тэмцээнүүдээс хос алтан медаль хүртсэн ОУХМ П.Лхамдэгд Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд зодоглосон. Тэрбээр С хэсэгт сугалаа таарч, эхний тойр­гийн барилдаанд хийлж, улмаар Турк­менистаны жүдоч Насиба Суркиеваг цэвэр ялснаар хэсгийн аварга бол­жээ. Хагас шигшээд П.Лхамдэгд Казахс­таны Галия Улментаеваг хоёр вазаригаар ялж, харин аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Жён Гён-Миг юүко үнэлгээгээр буулган авчээ. 2007 оны Азийн авар­гаас мөнгө, 2008 онд хүрэл медаль зүүж байсан П.Лхамдэгд ийнхүү тивийнхээ аваргаар тодорлоо.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэг­тэй­чүүдийн 81, 90, -100, +100 кг, харин эмэгтэйчүүдийн 70, -78 бо­лон +78 кг-ын жингийн барилдаан болж, П.Лхамдэгдээс гадна Г.Түвшин­жаргал /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Н.Батсуурь /+100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/ болон Д.Цэрэнханд /+78 кг/ Абу Даби­гийн татамид хүч үзсэн. Бээжин­гийн олим­пийн аварга Н.Түв­шин­баяр эх­ний тойрогт хийлж, Хята­дын жүдоч Юань Жинлинг цэвэр ялснаар хэс­гийн аварга болжээ. Харин хагас шиг­шээд тэрбээр БНСУ-ын Хван Хи-Тэд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Казахстаны бөхийг вазари үнэлгээгээр ялж, шагналын тавцанд гарсан юм. Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан Ц.Наранжаргал болон +78 кг-д хүч үзсэн Д.Цэрэнханд нар хагас шигшээд ялагдсанаар хү­рэл медалийн төлөө барилдаж, ялс­наар медалийн эзэд болсон бол эрэг­тэй­чүүдийн +100 кг-д Н.Батсуурь хэс­гийн аваргын төлөө Узбекистаны бөхөд дийлдсэн ч Тажикистан, Казахс­таны бөхчүүдийг ялж, хүрэл меда­лийн тавцанд гарчээ. Түүнчлэн Г.Түв­шинжаргал 81 кг-д Сирийн бөхийг ялж, Узбекистаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуус­га­сан бол 90 кг-ын жинд Э.Энхбат Ката­рын бөхийг цэвэр ялж, хэсгийн авар­гын тө­лөө Казахстаны Тимур Болатад цэ­вэр ялагдсанаар дагах барилдаанд зо­догложээ. Харамсалтай нь, дагах барилдаанд Хятадын бөх Жен Зижаод хоёр юүкогоор ялагдаж, медалийн төлөө барилдах боломжгүй болсон байна.
Харин Азийн аваргын эхний өдөр Мон­голын цагаан өмсгөлтнүүд гур­ван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Залуучуудын дэлхийн аваргын хо­шой мөн­гөн медальт, ОУХМ Д.Тө­мөр­­хүлэг С хэсэгт сугалаа таарч, хэсгийн барилдаанд Пакистан, Ираны бөхчүүдийг цэвэр ялж,  хэс­гийн аваргын төлөө Йемений бөх Али Хусрофыг юүко үнэлгээгээр ял­сан юм. Улмаар Укбекистаны жүдоч Габит Есимбетовыг цэвэр ялс­наар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Харам­салтай нь, шийдвэрлэх барилдаанд манай бөх БНСУ-ын бөх Чой Гван-Хёнд вазари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна.
Харин 66 кг-ын жинд дэлхийн чан­сааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөл­мөрийн баатар, Гавьяат та­ми­р­чин Х.Цагаанбаатар хэсгийн эхний хоёр барилдааныг өнжиж, улмаар Хятадын бөх Ма Дуанбинг цэвэр ялснаар хэсгийн аварга бол­жээ. Дараагийн барилдаанд Х.Цагаан­баатар Узбекистаны Мирзахид Фар­моновыг юүко үнэлгээрээр ялснаар авар­гын төлөө барилдах эрхтэй болсон байна. Харин алтан медалийн төлөөх барилдаанд 2010 оны дэл­хийн аварга, Японы бөх Жунпей Моришитад ялагдсанаар мөнгөн медаль дээр буужээ.
Шинэхэн гавьяат М.Бундмаагийн тухайд Макао болон Энэтхэгийн жүдоч­дыг цэвэр ялж, хэсгийн аварга болсон. Дараагийн барилдаандаа тэрбээр БНАСАУ-ын Жо Сунхуйг юүко­гоор ялсан ч аваргын төлөөх барил­даанд дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Японы бөх Юүка Нишидад  ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон байна.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан ОУХМ Ц.Мөнхзаяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөхийг ялснаар хэс­гийн аварга болжээ. Дараагийн барилдаанд тэрбээр Хятадын Сью Лилид ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болж, Киргизстаны Елена Проскураковаг ялснаар меда­лийн тавцанд гарсан байна. Мөн энэ өдөр Абу Дабигийн татамид зодоглосон манай бусад жүдочдын хувьд эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уран­цэцэг эхний барилдаандаа ялагд­санаар тэмцээнээ дуусгасан бол эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа дагах барилдаанд ялсан ч медалийн төлөөх барилдаанд ялагджээ. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр дагах барилдаанд Ираны Али Маломатад дийлдсэн байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн жүдочид:

Алт:
П.Лхамдэгд /эмэгтэй, -78 кг/

Мөнгө:
Д.Төмөрхүлэг /эрэгтэй, 60 кг/
Х.Цагаанбаатар /эрэгтэй, 66 кг/
М.Бундмаа /эмэгтэй, 52 кг/

Хүрэл:
Н.Түвшинбаяр /эрэгтэй, -100 кг/
Ц.Наранжаргал /эмэгтэй, 70 кг/
Н.Батсуурь /эрэгтэй, +100 кг/
Д.Цэрэнханд /эмэгтэй, +78 кг/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж