
Төрийн өмчит “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн өмнөөс Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Английн талаас “Лондонгийн хөрөнгийн бирж” группын гүйцэтгэх захирал Савиер Ролет гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд тусгасан ажлын төлбөр болох 14.2 сая ам.долларыг Монголын тал Лондонгийн биржид төлнө. Энэхүү гэрээг “Master services agreement” хэмээн нэрлэж, хоёр тал өндөр ач холбогдол өгч буй нь зочдын бүрэлдэхүүнээс харагдаж байлаа.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд, дэд захирал Х.Алтай, Төрийн өмчийн хорооны дэд дарга О.Эрдэнэбулган, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Т.Гандулам гээд зочдын нэрсийн жагсаалт нэлээд урт. Харин Английн талын зочид нь Монголд суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Хатагтай Линн Фалконер нарын төлөөлөгчид байв.
Ерөнхий сайд С.Батболд хөрөнгийн захыг хөгжүүлэхээр сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй ярих болсон. Үүний тулд хөрөнгийн биржийн техник технологийг олон улсын жишигт хүргэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай болж чадварлаг менежментийн багийг урьснаар Лондонгийн бирж тодроод байгаа юм. Ингээд ажлын төлөвлөгөөг тусгасан гэрээг хоёр тал үзэглэснээр Монголын хөрөнгийн биржийн удирдлага Лондонгийн биржид шилжиж байна. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудал ч эзэнтэй болох нь. Өмнө нь байгуулсан хамтран ажиллах санамж бичигт МХБ-ийн гүйцэтгэх захирлыг Лондонгийн биржийн талаас томилохоор тохиролцсон байсан юм. Өмнөх захирал нь Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд очсоноор энэ суудал хэдэн сар эзгүйрсэн билээ. Энэ хугацаанд дэд захирал Х.Алтай гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр өдий хүртэл ажиллаж байлаа.
Энэ дашрамд Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх хамтрагчийнхаа тухай сонирхуулъя. Дэлхийн ууган хөрөнгийн бирж, уул уурхайн салбарт хөрөнгө босгох арвин туршлага нь Монголын нөхцөлд тохирно гэдэг. Лондонгийн хөрөнгийн биржэд өдгөө дэлхийн 70 гаруй улсын 2600 компани бүртгэлтэй байна. Тэдний зах зээлийн үнэлгээ дөрвөн их наяд ам.доллараар хэмжигджээ. Тэдгээрийн дунд Монголын “Петро матад” компани багтдаг. Тус бирж Канадын Торонтогийн биржийг эзэмшдэг “ТМХ” группыг худалдаж авах гэж байгаа тухай мэдээлэл дэлхий нийтэд хүчтэй тархаж байгаа. Хэрвээ энэ хэлэлцээр амжилттай болвол Монголын хөрөнгийн биржид ч амжилт авчрах юм. Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржээр дамжуулан Торонтогийн биржид хүрнэ гэсэн үг. Ингэснээр 24 цагийн турш Монголын хөрөнгийн зах дээрх үнэт цаас олон улсад арилжаалагдах боломж бүрдэх юм. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд ч цаг хугацаа, орон зай үл хамааран Монголын хөрөнгийн захад оролцох боломжтой болно. Мөн сүүлийн жилүүдэд хүчээ авч буй Хонгконгийн хөрөнгийн бирж давхар бүртгэлтэйгээр Монголын үнэт цаасыг арилжаална гэж байгаа. Энэ мэтчилэн удтал ярьсны эцэст хөрөнгийн захын хөгжил хөлөө олж, олон улсын төвшинд хүрэх цаг ойртлоо. Энэ бүхэн мэдээж Монголын хөрөнгийн биржийн менежментийн багаас шалтгаална. Тэгэхээр одоо зөвхөн англичуудад ажиллах л үлдлээ.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв Үнэт цаасны бүртгэлийн ажлыг хийж дуусгасныг албан ёсоор танилцуулсан. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.5 сая иргэнд хувьцааны бичилтийг хийж, тус компанийн сайт руу дурын хэрэглэгч нэвтэрч хувьцаагаа шалгах боломжтой болсон. Хэрвээ шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй байгаа бол ойрын үед хамрагдаарай гэдгийг Ерөнхий сайд уриалсан. Одоогийн байдлаар 200 орчим мянган хүн иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй байдаг ажээ.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр “Лондонгийн биржийн энэ үйл ажиллагаанд хэн ямар хяналт тавих вэ, бас тэднээс бид юу хүлээж байна вэ” гэсэн асуултад, Ерөнхий сайд С.Батболд,
-Ерөнхийдөө Төрийн өмчийн хороо хяналт тавина. Том утгаараа Монголын ард түмэн хяналт тавина. Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарснаар энэ салбарын хүний нөөц, технологид шинэчлэл авчрах ирээдүй бий. Хөрөнгийн зах зээл хөгжүүлснээр засаглал сайжирна. Нээлттэй, тунгалаг засаглалыг сайжруулах механизм болох учиртай. Нөгөө талаар хөрөнгийн зах зээлийн талаарх монголчуудын мэдлэг дээшилж, өнгөрсөн алдааг давтахгүй байх мэдээлэлтэй болно. Энэ тал дээр ч тодорхой сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээ Лондонгийн тал илэрхийлсэн хэмээн хариулж байлаа.
Б.БЯМБАА