”Шувууны үүр”-ийг бүтээгчийг олоогүй байна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

”Шувууны үүр”-ийг бүтээгчийг олоогүй байна

“Шувууны үүр” цэнгэлдэхийн зохион бүтээгч­­дийн нэг Хятадын орчин үеийн гарамгай зохион бүтээгч  Эй Вейвейг Хятад эдийн засгийн гэмт хэрэгтэн гэж үзэн эрэн сурвалжилж байгаа  тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Түүнийг Хонгконгийн нисэх буудалд онгоцонд суух гэж байхад нь саатуулснаас хойш хэн ч хараагүй аж. Харин өнгөрсөн ням гаригт нэрт зохион бүтээгчийг Бээжингийн нисэх онгоцны буудалд албаны хүмүүсээр харгалзуулан явж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Архитекторч Эй нь Хятадын нэртэй тэрс үзэлтний хүү юм. Сүүлийн хэдэн сард тэрс үзэлтнүүдийг олноор баривчилсан боловч тэдний хэн нь нэрт зохион бүтээгчийн тухай үг цухуйлгаагүй гэнэ. Түүнийг эдийн засгийн гэмт хэрэгтэн гэж эрэн сурвалжилж байгаа нь  Хятадын эрх баригчдын  улс төрийн хоригдол гэдэг ойлголтын зөөлрүүлсэн хэлбэр гэж ажиглагчид үзэж байна. Хятадын төрийн хэвлэлд Эй Вейвейг хууль бус ажиллагаа явуулсан тэрс үзэлтэн гэж бичжээ.
Хонгконгод түүнийг суллахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн бол зарим орны Засгийн газраас түүнийг даруй суллахыг шаардаж мэдэгдэл илгээсэн байна. Хятадын цагдаа нар Эй Вейвейн гэрээс мөнгө, компьютерийг нь хурааж авсан бөгөөд эхнэр нь  түүний  талаар ямар ч сураг сонсоогүй гэнэ.  Бүсгүй нөхрийнхөө эрүүл мэндэд санаа зовж байгаа аж. Учир нь архитекторч хүнд өвчтэй, эмнэлгийн байнгын хяналтад байсан аж.
Эй Вейвей Лондоны Tate Modern галлерейд наран цэцгийн үр шиг харагдах 100 сая шаазан эдээс бүтсэн үзэсгэлэн гаргаж байжээ. Тэрбээр Хятадын эрх баригчдыг  хурцаар шүүмжлэгчдийн нэг бөгөөд хүний эрхийг уландаа дэвсэж буйг нь  эсэргүүцэж, уран бүтээлээрээ илэрхийлдэг нэгэн ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж