Эмнэлгийн даргыг Засаг дарга томилж байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн даргыг Засаг дарга томилж байна гэв

Улсын клиникийн нэгдсэн эмнэлгийн даргыг  Засаг дарга томилдог нь Монголоос өөр оронд байдаггүй  “шог” тогтолцоо гэнэ. Аймаг, нийслэл, сумын эмнэлгийн даргыг ч мөн Засаг ноён л томилно. Эрүүл мэндийн сайдын зүгээс санал оруулах эрх байдаггүй. Салбарын ажлын сайн, муу сайдын нэртэй ямагт холбогдож,  чих халууцуулдгыг нь бодвол Засаг даргаас илүү сайд энэ талд эрх мэдэлтэй баймаар. Гэвч Төрийн албаны тухай хуулиар сайдад эрх мэдлийг олгоогүй тул хаанаас, хэн томилогдож ирэхийг нь хүлээн харж суухаас аргагүй ажээ.
Эл асуудлыг УИХ-ын чуулга­ны пүрэв гаригийн нэгдсэн хурал­даанаар Эрүүл мэндийн тухай хуу­­­­­лийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд хөндлөө. Эрүүл мэндийн сайдын хэлснээр эмнэлгийн даргыг томилохдоо эхлээд тус албанд нэр дэвшигчдээс Төрийн албаны зөвлөл шалгалт авдаг. Шалгалтад тэнцсэнийг нь Засаг дарга эмнэлгийн даргаар томилдог журамтай. Батал­сан хуулиа гишүүд мартчихсан уу, энэ мэтээр шүүмжлэх нь утгагүй гэдгийг тэрбээр сануулаад авлаа. Хэрвээ асуудлыг шийдвэрлэх хүсэл­тэй байгаа бол Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй аж.
Хэлэлцүүлгийн шатанд хөндсөн бас нэг чухал санаа нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээ төсөв мөнгөнд хавчигдаад уначихсан зүйл биш, гагц­хүү зохион байгуулалт, эмч, мэр­­гэжилтнүүдийн боловсролын төв­шингөөс хамааралтай зүйл болохыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил онцлов. Эхний ээлжинд эмч, мэргэжилтнүүдээ дахин сургаж, ул­маар дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд бүх төрлийн эрүүл мэндийн үйлчил­гээг иргэдэд үзүүлдэг болох нь эрүүл мэндийн үйлчилгээг иргэд чанартай хүртэх бололцоог олгоно. Гэмтэж бэртсэн, түлэгдэж, шархадсан өвч­төнийг зөвхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээж авч буй. Хэрвээ тус эмнэлгийн үйлчилгээг дүүргийн нэгдсэн эмнэлэг иргэдэд үзүүлдэг болбол төвлөрөл багасч, эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна гэж үзэж байна. Харин уржигдраас хойш маргаан дагуулах болсон ЭМШУИС дэргэдээ эмнэлэг бай­гуу­лах тухай саналыг тэрбээр мөн дэмжив. Дэлхийн олон орны ЭМШУИС дэргэдээ эмнэлэгтэй бай­даг. Оюутнууд эмнэлэгтээ дад­лага хийж, багш нар нь тэднийг практик орчинд сургаснаар чанартай боловсон хүчин бэлтгэгддэг. Багш нарын хувьд эмнэлэгтээ эмчээ хийж болно, сургуульдаа ч багшлах эрх нь нээлттэй. Тиймээс ЭМШУИС дэргэдээ эмнэлэгтэй байх нь зөв. Харьяаллын хувьд бэрхшээлтэй байвал, ЭМШУИС-ийг Эрүүл мэн­дийн яаманд шилжүүлж яагаад бол­доггүй юм гэлээ. Гэвч УИХ-ын гишүүн Г.Баярсайхан эл саналаа татаж авснаар гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнүүлээд байсан асуудал дахин сөхөгдөхөөргүй болсон юм.
Сүүлийн жилүүдэд уул уурхай хөгжихийн хэрээр говийн аймгуудад хүн амын төвлөрөл бий болжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Хан­богд, Цогтцэций сумд 12 мянган хүн амтай болсон байна. Хэрвээ сумын эмнэлгийг өргөжүүлэхгүй бол наад зах нь төрөх эхчүүдээ хүлээн авах боломжгүйд хүрч мэдэхээр байгаа тухай энэ үеэр хөндлөө. Эрүүл мэндийн тухай хуульд энэ асуудлыг тодорхой заагаагүй ч, шийдвэрлэх бололцоотой гэсэн тайлбарыг Эрүүл мэндийн сайд өгсөн юм. Гэвч газар дээрээ байдал амаргүй байгаагийн жишээг Нийгмийн бодлого, боловс­рол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга хэллээ. УИХ-ын нам­рын чуулганы завсарлагааны хуга­цаанд тус байнгын хороо нь Орхон аймагт ажиллахад нэгдсэн эмнэлэг нь 20 гаруй жилийн өмнөх тоног төхөөрөмжтэйгээ байжээ. Эмч нарт сэтгэл байдаг ч, ашиглаж байгаа төхөөрөмж нь хуучнаараа, шинэчилье гэхнээ хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй тулгарч байгаа нь, сумдын хувьд улам ч их бэрхшээлтэй тулах болохыг сануулаад авав.
Мөн энэ хуулийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Эм­­нэ­лэг бүр удирдах зөвлөлтэй бай­на” гэсэн санал гаргасан ч, гишүү­дийн  дэмжлэг хүлээгээгүй ажээ. Эм­нэлгийн бие даасан байдал, эм­нэл­гийн үйлчилгээг чанарын өн­дөр төвшинд хүргэхэд энэхүү Удир­дах зөвлөл голлох үүрэг хүлээж ажил­лах тул гишүүдийг дэмжихийг хү­сэв. Үүнд Эрүүл мэндийн сайд С.Лам­баа “Саналыг унагасан гол үндэслэл нь Удирдах зөвлөлийн гишүү­нийг Засгийн газрын гишүүн томилдог учраас гишүүдээс дэмжлэг хүлээгээгүй. Эрүүл мэндийн салбар улсөрийн томилгооноос хол байх ёстой гэж үзэж, ийм шийдвэр гаргасан гэлээ.
Өнгөрсөн хугацаанд өрхийн эмнэлэг нь төрийн ч биш, хувийн ч биш статустайгаар явж иржээ. Үүнийг нэгмөр болгох зорилгоор  өрхийн эмнэлгийг хувийн статустай болгохоор тусгасан байна.  Түү­нийг дагаад өрхийн эмнэлгийн  санхүүжилтийн эх үүсвэр, хүнд хүрч үйлчлэх хүрээг  уялдуулж,  өрхийн эмнэлэг нь жилдээ 6000-аас доошгүй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн шалгуур тавьжээ. Учир нь 6000-аас доош иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ гэвэл санхүүжилтийнх нь асуудал хүндрэх талтай байсан учраас, дээрх тоог тавьсан юм байна.
Ингээд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар санал хураалт явуулж, дэмжлэг хүлээсэн саналыг нэгтгэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг  Нийгмийн бодлого, боловс­рол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж