Хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих вэ?

Халамжийн бодлого, хөдөл­мөрийн бодлого хоёр нэгдчихээд Монголыг халамжийн улс болгож харагдуулаад байгааг хэн ч хүлээн зөвшөөрөх боллоо. Халамж, хөдөлмөр хоёрыг салгаж чаддаггүй юм бол ядаж хөдөлмөрлөлтийг эхэнд нь гаргах шаардлагатай талаар хууль санаачлагчдын зүгээс ч дуугарах болов.
Үүнээс шалтгаалан хөдөлмөр эрхлэлтийг хуулиар дэмжих нь зүйтэй гэж үзэж энэ тухай хуулийн төсөл хууль тогтоогчдын ширээн дээр дэлгэгдээд байна.
Уг хуулийн төслийг хэлэлцүү­лэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Хөдөлмөрийн бир­жийг дүүрэг, аймаг, хороо, суманд бий болгох шаардлагатай. Ажил олгогч, ажилчин хоёрыг уулзуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал олгох байдлаар төрийн бус байгууллагын оролцоогоор хангах шаардлагатай. Ингэхгүйгээр төрийн албан хаагч халамжийн асуудалд хэтэрхий анхаараад хөдөлмөр эрхлэлтийг орхигдуулж байгаа. Ажилгүй иргэдийг бүртгэж, мэдээлдэг хүн болж л хувирсан. Тэднийг хэрхэн мэргэжил, ажилтай болгох вэ гэдэгт анхаарал хандуулах боломжгүй болчихож. Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд зуучилдгийг эдийн засгийн хөшүүргээр нь дэмжин хувийн хэвшлийнхнээр хийлгэх боломжтой” гэх санааг гаргасан. Энэ хууль ямар өнгө төрхтэйгөөр хэрхэн батлагдах нь нийтэд удахгүй тодорхой болно. Иймд төслийн түүхийг эргэн нэг харахад буруудахгүй биз.

ХУУЛИЙН АНХНЫ ТӨРХ БОЛОВСРУУЛАГДСАН НЬ

2009 оны тавдугаар сар. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ, Д.Дондог нар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж эхэлснээр Хөдөлмөр эрхлэлтийг хуулиар дэмжих эхлэл тавигдсан юм. Уг төслийн ерөнхий агуулгад нь малчдад хамааралтай зүйл олон байсан бөгөөд олон малтай айл өрхүүд дэргэдээ туслах малчин авч ажиллуулах нь элбэг тул эдгээр хүмүүсийг ажил олгогчоор ойлгож, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд заасанчлан нөхөн олговор олгуулахаар хуульчлах санал оруулжээ. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд ч хүүгүй зээл авах боломжоор хангаж өгөх заалтыг хуульд суулгахаар төлөвлөсөн аж. Хуулиар Хөдөлмөр эрхлэлтийн сангаас нэг сая хүртэл төгрөгийг нэг жилийн хугацаатай олгож болно гэж заасан байдаг. Гэхдээ энэ зээлийг авахын тулд тодорхой хэмжээнд барьцаа хөрөнгө шаарддаг тул төсөлд “нэг сая төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар ирээдүйд олох орлогоор нь барьцаалж олгох” гэсэн заалт нэмэхээр болжээ. Мөн мөнгөний хэмжээг нэмэгдүүлж “гурван сая төгрөг хүртэл төгрөгийн зээлийн хэмжээг хоёр жил хүртэл хугацаагаар олгож болно” гэж нэмэлт оруулахаар болжээ. Хууль санаачлагчид энэ хуулийг санхүү, эдийн засгийн хямралын энэ үед жижиг дунд үйлдвэрлэгчдэд хэрэгтэй төсөл хэмээн үзэж буйгаа илэрхийлж байлаа.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ “ТӨРХӨМД НЬ БУЦААВ”

2010 оны аравдугаар сар. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж Хөдөлмөр эрхлэл­тийг дэмжих тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийн та­лаар хэлэлцэв. Хуулийн төсөлд ажилгүй иргэдийг сургалтад хам­руулах, Хөдөлмөр эрхлэлтийн бирж ажиллуулах, зорилтот бүлэгт хувааж хөтөлбөр боловсруулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх гэсэн шинэлэг санал гаргажээ. Харамсалтай нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих тухай тусгагдаагүй учир хууль өөрөө нэрийнхээ хэмжээнд байгаа оноогүй гэж Ардчилсан намын бүлэг үзэв. Энэ хууль ажилгүй иргэдийн тоог цөөлж, ажилтай хүмүүсийн тоог нэмэгдүүлэх бодлогыг шийдсэн байх ёстой аж. Гэтэл хуулийн шинэчилсэн найруулга хуучин байсан ажилгүй ангийг тэр чигээр нь хадгалахаар боловсруулагдсан хууль болсныг шүүмжиллээ.  Тус хуулийн төсөлд ажил¬гүй-дэл, бүртгэл, хоршоолол, малчид, малчдын бүлэг, ажил¬гүй, ядуу иргэдийг нэгтгэж, ажилгүй иргэдийг сургалтад суулгах зэргийг багцалсан нь буруу гэж үзэж зөвхөн хөдөлмөр эрх-лэлтийг дэмжсэн цогц зүй¬лүүдийг тусгах үүрэг өгсөн байна. Ийнхүү уг саналаа чуулганы хуралдаанд оруулан хуулийн төслийг буцааж, дахин боловсруулахаар болов.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛСАН НЬ

2011 оны гуравдугаар сар. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр байгуулагдсан УИХ-ын ажлыг хэсэг зарчмын зөрүүтэй 70 орчим саналыг нэгтгэн хаврын чуулганы үеэр хэлэлцүүлэхээр бэлтгэв. Уг ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт хуулийн төслийн та­лаар “Хэрхэн олон иргэнийг ажилтай болгох, мэргэжилтэй хү­мүүст ажил олгох, ажил хийх сонирхолгүй хүнийг яаж ажилд дуртай болгох вэ гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар зохицуулахыг оролдож байна. Засгийн газраас хуулийн өргөн барьсан. Ажлын хэсгийнхэн нухацтай хандаж байгаа. 2011 он Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил. Энэ утгаараа хуулийг хэрэг­жүүлэхэд шаардлагатай зарим зардлын талаар нааштай шийдвэр гарахад нөлөөлөх болов уу” хэмээн тайлбар хийв.

ХАМГИЙН ЭХЭНД БАТАЛНА ГЭЖ АМЛАВ

2011 оны дөрөвдүгээр сарын 5. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг байршуулав. Мөн хаврын нэгдсэн чуулганы нээлтэд үг хэлэхдээ “Бид юуны өмнө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг гаргах болно. Монголын нийгмийн сульдаа бол яах аргагүй ажилгүйдэл, түүнийг дагасан ядуурал. Энэ хууль гарснаар иргэд хөдөлмөрийн биржээс ажлаа олж авах боломж, зах зээл дээр өөрийн чадамжийг дээшлүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, түүний үнэлэмж бүрдэх ёстой. Манай иргэдийн элбэг хангалуун, тэгш нуруутай амьдрал өглөө ажилдаа итгэл дүүрэн явах, үдэш гэртээ сэтгэл өег харих хэмнэлд шилжих ёстой юм” хэмээн амлалт өглөө.  

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВАВ

2011 оны дөрөвдүгээр сарын 6. Байнгын хорооны хуралдаан дээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн талаарх  ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал хэрхэн  тусгагдсан талаар бүлэг дээр сонсох шаардлагатай байгаа хэмээн завсарлага авлаа. Мөн хууль батлагдаагүй байхад нийслэлийн Засаг даргын тамгын газар хөдөлмөр эрхлэлтийн алба байгуулаад өмнөх хуулиа зөрчиж байгаагаа зас ч залруулах хэрэгтэй. УИХ-ын тогтоолоор тогтоогоод өгсөн бүтцийг эвдээд байгаа асуудлаа цэгцлэхгүй бол   энэ хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэж мэдэгдэв. Ингээд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг энэ удаа хойшлуулж,  намын бүлэг дээр яаралтай хэлэлцэн дахин оруулж ирэх шийдвэрийг Байнгын хороо гаргалаа.  
Дээрх шүүмжлэлд Т.Ганди сайд “Нийслэлийн Засаг дар­гын тамгын газар орон тоо бүтцэдээ тохируулаад Хөдөлмөр эрхлэлтийн албатай болсон. Энэ нь төсвийн хүрээнд хууль зөрчөөгүй. Гэхдээ хууль гараагүй байхад албан байгуулсан нь жижиг зөрчил үүсгээд байгаа юм. Орон нутаг томоохон суурин газарт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулах төрийн механизм байхгүйгээс зөвлөгөө, тусламж, зээлийн үйлчилгээ, сургалт зэрэг зохицуулах олон асуудал байсаар байна” гэх тайлбар хийв.

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТӨСЛИЙН ДҮР

Хуулийн өмнөх төсөл хөдөлмөр эрхлэлтийг бус халамжийг хэт дөвийлгөсөн гэх шүүмжлэлийн улмаас буцаагдаж байсан. Хуулийн нэрээс нь ч харсан энэ хуулийн амин сүнс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай зохицуулалттай байх учиртай.  Шинэчлэгдсэн хуулийн төсөлд дараах зохицуулалт оржээ. Үүнд: Ажилд зуучлах үйлчилгээ үнэ төлбөргүй байна. Хөдөлмөр зуучлалын хувийн алба нь ажилд зуучлуулсан иргэнээс шууд ба шууд бус байдлаар ажилд зуучлах үйлчилгээний төлбөр авахыг хориглоно.  Гадаад оронд хөдөлмөр эрхэлж, тодорхой мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний хүсэлт, нотлох бичиг, баримтыг үндэслэн мэргэжлийн ур чадварыг нь Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага үнэлж, баталгаажуулна. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид таван сая хүртэл, нөхөрлөл, хоршоо байгуулах бол 10 сая хүртэл төгрөгийн зээлийг хоёр жил хүртэл хугацаагаар  олгоно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээлийн эрсдэлийн болон баталгааны сан байгуулж болно.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс жил бүр олгох хөрөнгийн хэмжээ нь төсвийн орлогын 0,3 хувиас доошгүй байна” гэх заалтууд багтаж. Өнөө маргаашгүй эдгээр зүйл заалтуудын ард хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого байгаа эсэхийг дүгнэцгээх болно. Одоо УИХ-ын даргын амлалт биелэхийг хүлээх л үлдлээ.  

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж