
Энэхүү үзэсгэлэн нь гурван зураачийн 2010 оны зун Монгол орныхоо арав гаруй аймгийн нутгаар уран бүтээлийн судалгааны ажлаар явж байгалийн судалбар зураг хийсний үр дүн нь ажээ. Энэ аяллынхаа үед уран бүтээлчид маань усан будгийн нилээдгүй судалбар хийж авснаар үзэсгэлэн гаргах санаа төрж, бэлтгэж эхэлжээ. Усан будгийн зураг нь өөрийн арга, техник ажиллагаараа онцлог төдийгүй зураачаас өндөр ур чадвар, нарийн оновчтой ажиллагаа шаарддаг дүрслэх урлагийн нэгэн бие даасан төрөл юм.
Сүүлийн үед усан будгийн зургийн үзэсгэлэн ховорхон гарч байгаа ч энэхүү “Зүүдний уянга” хамтарсан үзэсгэлэн нь усан будгийн арга ажиллагааг шинэ түвшинд хийж гүйцэтгэсэн олон сайхан бүтээлүүдээс бүрдэж байгаа ба залуу уран бүтээлчдэд энэ төрлөөр тун чамлалттай ажиллаж байгаа одоо үед цаг үеэ олсон үзэсгэлэн болжээ. Ялангуяа залуу уран бүтээлчдэд үлгэр дууриал болохуйц ач холбогдолтой үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Тус үзэсгэлэнд зураачдын 100 гаруй бүтээл тавигдах ажээ. Усан зургийн үзэсгэлэн урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 14-н хүртэл нийтийн хүртээл болох тул та тухлан саатаарай.