Нобуко Хорибе тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Нобуко Хорибе тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Нобуко Хорибе тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон хүүхэд, өсвөр залуу үе гэсэн зорилтот бүлэгт чиглэсэн, үр дүнтэй, бодитой арга хэмжээ авч байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдлийг бууруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд Засгийн газар анхаарч байна. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай биелүүлж байгаа бөгөөд гол үзүүлэлтүүдийг хангах болно. Энэ чиглэлээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллана” гэв.

Үүний хариуд хатагтай Нобуко Хорибе “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эх, нялхсын эндэгдлийг бууруулах, жендерийн тэгш байдлыг хангах, ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын сурах таатай орчин бүрдүүлэх, ХДХВ/ДОХ, бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх зэргээр Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллана” гэж хэлэв. Мөн “Монгол Улс үсрэнгүй хөгжих шатандаа орж, хүн ам нь хурдацтай өсч байгааг НҮБ-аас хийсэн судалгаа харуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор тулгамдсан асуудал ч гарч ирж байна. Цаашид нийт хүн амын 70 орчим хувийг эзэлж байгаа залуучууд, өсвөр насныханд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэж онцоллоо.

НҮБ-ын Хүн амын сан нь 2007-2011 онд “Улс орны хөтөлбөр”-ийн хүрээнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүн ам зүйн хөгжил, жендерийн тэгш байдлыг дэмжихэд  14 сая ам.доллар зарцуулаад байна. 2012-2016 онд хүн амын эмзэг бүлэгт хүрч үйлчлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн багц үйлчилгээнд нэгтгэх, эхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдээ өргөжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчин болон эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм. НҮБ-ын Хүн амын сан саяхан хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад 600 гаруй сая төгрөгийн үнэ бүхий автомашин, мотоцикль, эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж