Цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар ярилцлав

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар ярилцлав

Монгол Улсаас Венад төвтэй олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газар Венийн Дипломат академитэй хамтран дөрөвдүгээр сарын 5-ны өдөр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх явцыг бэхжүүлэх, цөмийн зэвсэггүй бүсүүдийг дэмжих асуудлаар дипломатууд болон эрдэмтэд, судлаачдын дунд чөлөөт ярилцлага зохион байгуулжээ. Дипломат академийн байранд болсон энэ хуралд ОУАЭА-ийн гишүүн орны төлөөлөгчид болон олон улсын байгууллага, Австрийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн, судлаачид оролцож өнөөгийн улс төрийн шинэ нөхцөл байдалд цөмийн аюулгүй байдлыг хэрхэн бэхжүүлэх, цөмийн зэвсгийг цаашид дэлгэрүүлэхгүй байхын тулд авч болох бодитой арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон байна. Хуралд Австрийн ГЯЯ-ны сайд асан В.Пар оролцож хэлэлцэж буй асуудлаар цаашид авч болох арга хэмжээний талаар өөрийн туршлагад тулгуурлан санал бодлоо хуваалцав. Тэрбээр өрнөдийн орнуудаас Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн анхны ГХЯ-ны сайд байсан байна.

Хуралд оролцогчид цөмийн зэвсэггүй бүсүүдийг цаашид бэхжүүлэх, шинэ бүс байгуулахтай холбогдсон асуудлын талаар мэдээлэл, санал бодлоо солилцжээ.

Элчин сайд Ж.Энхсайхан ХХ зууны Монгол Улсын гадаад харилцаа, бодлогын тухай мэдээлэл хийсний дээр Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх талаар цөмийн зэвсэгтэй гүрнүүдтэй хийж буй яриа хэлэлцээний талаар мөн мэдээлсэн байна.

Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар нь 2010 онд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх бага хурлын өмнөхөн ийм хурал зохион байгуулж, бага хурлын бэлтгэлийн явцын талаар хэлэлцүүлсэн нь ач холбогдолтой болов. Энэ удаагийн арга хэмжээ нь Монгол Улсын орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог байв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж