Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хуйвалдсан уу

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хуйвалдсан уу

Төрийн ордны кафед хоёр залуу кофе уунгаа ууртай нь аргагүй нэгэн сэдвийг хөндлөө. Тэдний нэг нь нэлээд улстөржсөн шинжтэйгээр “Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы индрээс үг хэлэхгүй байхаар Ардын намын дарга С.Батболдтой хуйвалдсан гэж байх шив. Ийм байж болох уу” гэлээ. Гэтэл нөгөө нь “Үгүй ээ, энэ чинь их учиртай юм гэсэн. Төрийн хоёр өндөрлөг маань “Хавар цагт хүмүүсийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч, улстөрждөгийг та бид юу эс андах вэ. Чуулганы нээлтийн үеэр үг хэлчихвэл тэдний цөсийг хөөргөчихөж юу магад. Тиймээс хоёулаа чимээгүй л байцгаая” гэж сэм ярилцсан гэсэн. Сонгууль дөхчихөөд байхад тэд элдэв үг хэлж, олны хэл аманд өртөхгүйг хичээсэн байлгүй” гэлээ. Энд, тэнд иймэрхүү “хачиртай” үг сонссон болоод ч тэр үү “Юу болоод өнгөрөв” гэж гайхширлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж өнгөрсөн хаврын чуул­ганы нээлт дээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг онцолж “Монголчууд ний­тээрээ урагш нэг алхлаа” хэмээн олзуурхаж байсан. Ха­рин энэ удаад Тавантолгой, түүнээс монголчууд хувь хүртэх болсон талаар оноч цэцэн үг хэлэхийг нь ард түмэн хүлээсэн билээ. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх сонир­холтой мөчүүд эр­хэм гишүүдийг хүлээж байх энэ агшинд Төрийн тэр­гүүний зүгээс байр сууриа илэрхийлчихсэн бол хэн хүн­гүй санаа, сэрэмж авах байв. Шүүхийн шинэтгэлийн автороор тодорч, нэгэн цагт “Авлига Монголыг муу­хай харагдуулж байна” хэмээх үгээ улстөрчийн инд­рээс хэлсэн Ерөнхийлөгч маань АТГ-ын дарга нарыг Ганц­худагт хорьсон талаар юу гэж хэлэх нь ч сонин байлаа.

Ерөнхий сайдын хувьд ч ялгаагүй. Тавантолгойгоос иргэн бүрт 536 ширхэг хувьцаа хүртээхээ танхим нь нэгэнт шийдчихсэн атал энэ тухай яагаад нэг ч үг хэлсэнгүй вэ. Тэгээд ч түүнд Ардын намын даргын хувьд хэлэх үг хангалттай олон байсан биз. “Эцэг” хууль, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх гэж буй эгзэгтэй үед хоёр танхимтай парламенттай болох саналаа чуулганы индрээс л хэлдэг цаг биш гэж үү. Ер нь ингэхэд төрийн хоёр өндөрлөг яагаад үг хэлээгүй юм бол. Олны ярьсанчлан тэд арай хуйвалдчихсан юм биш биз. Аль эсвэл хэлэх үггүй болов уу.  


С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж