Спрайт лигийн Бүх оддын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Спрайт лигийн Бүх оддын тоглолт болно

Сонирхогчдын сагсан бөмбөгийн Спрайт лигийн Бүх оддын тоглолт ирэх бямба гаригт 15.00 цагаас Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болох гэж байна. NBA-тэй адил системээр болох Бүх оддын тоглолтод Спрайт лигийн эрэгтэй 24, эмэгтэй зургаан багийн статистик үзүүлэлтээр тэргүүлсэн шилдгүүд оролцох ажээ. Тоглолтын дундуур слэм данк буюу цагаригт довтлох, холын зайн шидэлт, ур чадварын болон холимог шидэлтийн тэмцээн зохиогдоно. Дашрамд сонирхуулахад, слэм данкийн тэмцээнд түрүүлсэн тоглогч Хятадад болох NBA-ын улирлын өмнөх тоглолтыг үзэх эрхтэй болох юм.

Түүнчлэн Спрайт лигийн Бүх оддын тоглолтыг үзэж сонирхохоор ирсэн сагсан бөмбөг сонирхогчдод бүгдэд нь үнэгүй сугалаа тараах аж. Харин сугалаа бүр бэлэгтэй гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Үүнээс гадна олон, олон сюрпризээр бэлэг барихаа “MCS Coca-Cola” компани, Sprite брэнд амлалаа.

Бямба гаригт 13.00 цагаас Спортын төв ордноос Coca-Cola, Sprite, Bonaqua, Minute Maid брэндийн сурталчилгаа бүхий автобуснууд Спортын шинэ ордон руу үнэ төлбөргүй үйлчлэх болсныг дашрамд дуулгая.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж