Ч.Түмэнбаяр: Амбицаа нэгтгэх шалтгаан байсан

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

Ч.Түмэнбаяр: Амбицаа нэгтгэх шалтгаан байсан

Ч.Түмэнбаяр: Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд амбицаа нэгтгэх шалтгаан байсан


“Монгол ноолуур нэгдэл” консорциумын ерөнхийлөгч Ч.Түмэнбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Монголчууд  уул   уур­хайн сал­барыг улс орныхоо эдийн засгийн түшиц гэж ит­­гэчихсэн. Харин саяхнаас мал аж ахуйн салбарыг Монгол Улсын эдийн зас­гийн цаг ямагт нөхөн сэргээгдэх тулгуур гэх шинэ философи хүчээ авах болжээ. Энэ шинэ хандлагад таныг хамгийн бодитой тайлбарыг өгөх болов уу гэж найдаж байна?

-Манай улсын нүүдлийн соёл иргэншил хэзээ ч алдагдахгүй. Үүнийг дагаад мал аж ахуйд суурилсан эдийн засгийн чадавхи улам бүр хүчээ авна. Энэ утгаар нь малын гаралтай түүхий эдийг боловсруулах, боловсруулалтыг нь хөг­жүүлэх шаардлагатай. Энэ дунд ноолуурын үүрэг хам­гийн их гэдэгт итгэж байна. Манай улс 13.5 сая орчим толгой ямаатай. Иймд бид энэ баял­гийг илүү үр ашигтай, үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй. Энэ салбарын үйлдвэрлэл 30 жилийн өмнөөс хөгжсөн.

-Монгол ямааны ноо­луурыг Монголын эдийн засагт шингээх боломж хэр байдаг вэ. Нэг ёссондоо үндэсний үйлдвэрлэлд зуун хувь ашиг­лах гэсэн үг л дээ?

-Байлгүй яах вэ. Сүүлийн гурван жилийн дунджаар авч үзвэл 5700-6000 мянган тонн ноолуур жилд бэлтгэж байгаа.Үндэсний үйлдвэрүүд нийт ноолуурын 25-30 хувийг нь бэлэн бүтээгдэхүүн болгож байна. Энэ хү­чин чадлыг цаашид улам бүр өргөжүүлэх хэрэгтэй нь ойл­гомжтой.

-Цаг хугацааны хувьд бодит төлөвлөгөө бий юү?

-Бид 2016-2020 оны үеэс дотооддоо зуун хувь үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэсэн тооцоо гаргасан. Энэ тохиолдолд ноолуурын салбар дотооддоо 400 сая орчим ам.долларын нэмүү өртөг үйлдвэрлэх боломжтой.

-Өнөөдрийн хувьд?

-Өнөөдрийн тухайд 160 орчим сая ам.долларын нэмүү өртөг үйлдвэрлэж байгаа. Үүний 70 орчим сая ам.долларыг нь түүхий эд бэлтгэх явцад бүрдүүлдэг.

-Дээрх стратег төлөвлөгөө биеллээ гэхэд малчид юу хожих юм бэ гэдгийг тодруулах хэрэгтэй байх. Учир нь энэ салбарыг зөвхөн үйлдвэрлэлийн хөгжлөөр тодорхойлж болохгүй шүү дээ?

-Манай “Монгол ноолуур нэгдэл”-ийн үйл ажиллагаа цаашид зөвхөн үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашиг бус нийт салбарын эрх ашгийн төлөө чиглэх болно. Малчид, үйлдвэрлэгчид, гадаад болон дотоодын хэрэглэгчид гэсэн энэ холбоосын эрх ашиг юун дээр огтлолцох ёстой вэ гээд тэр огтлолцлолыг бий болгохын төлөө ажиллана.

-Малчдын хувьд шууд л үнийн өсөлтийг олзуурхан хүлээж авах нь ойлгомжтой. Энэ хүслийг нь үйлдвэрлэгчид болон худалдан авагчдын эрх ашигтай огтлолцуулна гэхэд хэцүү биш үү?

-Нэгэнт өөрсдийнх нь амь, амьдралынх нь эх үүсвэр учраас аргагүй л дээ. Малчдын орлогын зарцуулалтыг тооцоод үзэхэд нийт орлогынхоо ихэнх хэсгийг үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зориулсан байдаг. Иймд бид асуудлыг шийдэхийн тулд ажлын байрны багтаамжийг анхаарна. Тухайн бүс нутагт үйлдвэрлэл байгуулах замаар үүнийг шийднэ. Энэ нь мөнгөн орлого гэхээс илүү үр хүүхдээ ажлын байртай болгох боломж бүрдүүлнэ. Ингэснээр ажлын байраа, байнгын орлогоо хамгаалж үлдэх боломжтой бол­но. Дээр нь, консорциумынхаа шугамаар ямааны үйлдвэр угсааг сайжруулах, бэлчээрээ нөхөн сэр­гээхэд нь туслах зорилгоор сан байгуулна. Оюутолгойн ордоос олборлолт явуулснаар таван жилийн дотор 10 мянган хүний ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Тэгвэл ноолуурын үйлдвэрлэл хөгжсөнөөр гурван жилийн дотор 10-20 мянган хүн ажлын байртай болох боломж бий. Эндээс нэг давуу тал харагдаж байгаа биз.

-Танай консорциум хувьцаа гаргана. Хувьцаанаас нээлттэй зарчмаар хувь эзэмших боломжтой гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ консорциумыг “Говь”, “Гоёо”, “Буян”, “Ээрмэл”, “Алтай кашмир”, “Эрдэнэт хивс”, “Сор кашемир”, “Осин кашемир”, “Сан широ”, “Кашемир консепт”, “Блю скай кашемир”, “Мон форте” гэсэн 12 компани нэгдэж байгуулсан. Гишүүнчлэл цаашид энэ компаниар хязгаарлагдахгүй. Иргэд хоршоо, малчид нэгдэл байгуулах замаар хувь эзэмших боломжтой. Өнөөдрийн тухайд хувьцаа гаргах арай болоогүй байна. Үүсгэн байгуулагчид хуралдаж асуудлыг шийднэ.

-Консорциумын санхүү­жил­тийг хэрхэн босгосон бэ. Хувьцаа гар­гана гэсэн мэдээллээс үүдээд ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид энэ консорциумаар дамжуулаад бизнесийн нэгдмэл санаатай урагшаа “алхлаа” гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Сан­хүүжилтийн тухайд үүсгэн бай­гуулагчид дүрмийн санг нь бүрдүүлсэн. Нөгөө талаас тө­рийн дэмжлэг байж болно. Мөн консорциумын зүгээс Монголын ноолууран бүтээгдэхүүн бүрт “Монгол ноолуур” гэсэн нэг шошго зүүж, дэлхийн зах зээл рүү нэг хүчээр гарах зорилго бий.

-Дээрх үйлдвэрүүдийн хувьд дор бүрнээ бизнесийн амбицтай нь нууц биш. Тэдний эрх ашгийг нэгтгэнэ гэдэг ч хэцүү. Ямар ч тохиолдолд хамтдаа урагшлахаар шийдсэн хүчин зүйл нь юу болохыг та илүү тодруулахгүй юу?

-Өөрийн тань хэлснээр бизнесийн амбицаа нэгтгэж, үйл ажиллагаагаа багцлах болсон гурван шалтгаан бий. Эхнийх нь бүгдэд нь түүхий эдийн хангамжийн хувьд асуудал байгаа гэдэг шалтгаан. Өнөөдрийг хүртэл түүхий эдийн хомсдолоос үүдээд үйлдвэрлэлээ бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй ирсэн. Дараагийнх нь гадаад зах зээл рүү гарахын тулд хүчин чадал сайтай байх ёстой. Дор бүрнээ захиалга аваад явах бус нэгдсэн зарчмаар их хэмжээний захиалга авч түүнийгээ цаг алдалгүй бэлтгэх нь үйлдвэрлэгч бүрт ашигтай. Бид үүний төлөө нэгдсэн зохион байгуулалттай ажиллах зайлшгүй шаардлага бий. Сүүлчийнх нь боловсон хүчин. Энэ салбарт боловсон хүчний дутагдал их. Байгаа боловсон хүчнээ сургаж, хөгжүүлэхийн зэрэгцээ техник, мэргэжлийн сургуулиудтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бай­гаа. Эдгээр асуудлыг цогцоор нь авч хэлэлцэх шалтгаан гэж ойлгож болно.

-Үйлдвэрлэл хоорондын тех­ник, технологийн хүчин чад­лын “зөрчил”-ийг арилгах тал дээр онцгойлон анхаарах уу. Аме­рикаас 10 мянган цамц за­хиал­лаа гэхэд дээрх 12 үйлдвэрт ху­вааж хийлгэлээ гэж бодъё. Гэтэл үйлдвэрүүд чанарын яг нэг түвшинд үйлдвэрлэнэ гэдэг бас их эргэлзээтэй шүү дээ?

-Тийм бэрхшээл гарахыг үгүйс­гэхгүй. Гэхдээ “Монгол ноолуур” гэсэн шошгын дор нэг шаардлага тавина. Бүгд тэр шаардлагад ний­цүүлж үйлдвэрлэх ёстой. Энд нэг зүйл тодруулахад шошго нь “Монгол ноолуур” гэж хадагдах ч үйлдвэрүүд өөрийн нэрийг бичих эрхтэй байна. Энэ асуултын тухайд үйлдвэрлэлийг дор бүр нь угаах, утас ээрэх, цамц нэхэх гэх мэт зориулалтаар дагнуулж ажиллуулах уу, нэг том үйлдвэрийг тойрсон комплекс байгуулах уу гэдгийг бид цаашид ярилцана. Нэг жишээ хэлэхэд л өнөөдөр Монгол ноолууран даавуу үйлдвэрлэдэг үйлдвэр байхгүй байна. Хэрэв ноолууран даавууны үйлдвэр байдаг бол бүтээгдэхүүнийг нь аваад үйлдвэрлэл эрхэлж, захиалгаар оёдол хийдэг жижиг оёдлын үйлдвэр олноор байгуулах боломжтой.

-Үнэндээ дотоодын ноолууран бүтээгдэхүүний хувьд зуун хувь чанартай гэж хэлэхэд хэцүү санагддаг. Ихэнх утсаа Хятадаас авдаг. Цэвэр ноолуур гэхээс илүү хялгас, даавуун утасны хольц ихтэй гэж хэлж болно байх. Зарим нь үнэндээ ноолуур гэхээс илүү зөөлөн даавуун утсаар нэхсэн нь ч таардаг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Яах аргагүй тийм зүйл байдаг нь үнэн. Хольцтой утсаар, хөвөн утсаар оёх нь байдаг. Үүнийг бид нэг мөр болгох зорилготой ажиллаж байгаа.

-Асуудлыг хэрхэн шийднэ гэж?

-Импортын хязгаарлалт гэж нэг зүйл байдаг юм. Түүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
-Тодруулбал?

-Төр засгаас импортынх нь татварыг нэмэх, чанарын хяналтыг нэмэх гэх мэтээр ажиллах бо­ломжтой.

-Монголд яг ноолууран бүтээг­дэхүүн дээр тавьдаг албан ёсны стандарт шаардлага гэж бий?

-Стандарт бий. Тэр стандартыг мөрдүүлж хэвшүүлэх нь зөвхөн бидний бус төрийн ч бас ажил байх ёстой. Монголын ноолуурын хувьд Хятадын ноолуураас юугаараа давуу талтай гэхээр байгалийн ширхэгтэй гэж хэлж болно. Хятадын ноолуур цэвэр бордооны бүтээгдэхүүн. Монголынх цэвэр бэлчээрийн нөхцөлд бүрэлдсэн. Энэ шинж чанарыг нь дуурайх ямар ч боломжгүй.

-Засгийн газраас ноолуурын бизнес эрхлэгчдийг дэмжиж 100 тэрбум төгрөгийн бонд гаргах шийдвэрийг өнөөдөр гаргасан байна. Энэ санхүүжилтийн үр ашгийг хэр өргөн хүрээгээр харж байна?

-Энэ шийдвэр маш зөв шийдвэр. Зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид бус малчид, хэрэглэгчид, бүгдэд нь ашигтай. Салбарыг бүхэлд нь дэмжих төрийн бодлого гэж бид ойлгож байгаа. “Монгол ноолуур нэгдэл”-ийг үүсгэн байгуулсан 12 компанид эхний ээлжинд санхүүжилт хийх төлөвлөгөө бий. Гэхдээ энэ нь бусдыгаа дэмжихгүй гэсэн үг биш. Салбарын хэмжээнд асуудлыг шийднэ.

-Засгийн газраас экспортын татварыг нэг килограмм ноолуур тутамд 10 мянган төгрөг боллоо гэхэд үнэд хэр их өөрчлөлт орох бол?

-Ойрын өдрүүдэд хамгийн өндөртөө нэг килограмм ноолуурын үнэ 75 мянган төгрөгт хүрсэн. Экспортын татварыг 10 мянган төгрөг болгосноор 55 мянгаас доошоо буухгүй. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал буурч, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нөлөөлөл нь буурна.

-Та нарт санхүүжилтийн дэмжлэгтэй зэрэгцүүлээд үүрэг өгсөн байсан?

-Тийм ээ. Энэ санхүүжилтээр үйлдвэрүүд 2000 орчим тонн ноолуурыг малчдын гар дээрээс худалдан авах боломжтой болно. Малчдын гар дээрээс гэдэг чинь нэг ёсны давуу тал. Нөгөө талаасаа энэ онд багтаан 1800 ажлын байр бий болгох үүрэг авсан.

-Энэ үүргийг биелүүлэх боломж бий юү?

-Биелүүлэхийн төлөө ажиллах чадвар манай үйлдвэрлэгчдэд бий.

-Та ярилцлагын төгсгөлд цагаан алт хэмээн үнэлэгддэг ноолуурын зах зээлээс алт, зэсээс илүү их ашиг олох боломжтой гэдгийг тодорхой үндэслэлээр тайлбарлахгүй юу?

-Нэг тонн зэс өнөөдөр 10 мянга  ам.долларын үнэтэй байна.  Килограмм зэсийн үнэлгээ 50 орчим ам.доллар. Тэгэхэд нэг тонн самнасан ноолуурын дэлхийн үнэ 120 орчим мянган ам.доллар. Эндээс аль нь илүү их үнэ цэнэтэй вэ гэдэгт бодит хариултыг хэн ч ойлгох болов уу гэж бодож байна. Дээр нь, манай улсын мал аж ахуйн хөгжил өнөөдрөөр дуусна гэж байхгүй. Улам бүр баяжна. Хамгийн гол нь алт, зэс шиг нөхөн сэргээгдэх баялаг биш. Бид энэ баялгийг өнөөдөр ашиглаад дуусах биш цаашид илүү их хэмжээгээр ашиглах боломжтой. Ноолуурыг цагаан алт гэж нэрлэх шалтгаан нь ч энэ байж болох юм.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж